sonin.mn

ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 22 /Yonhap/. Хэрэв Вашингтон Умардыг цөмийн зэвсгээс ангижруулах шаардлагаа орхивол АНУ-тай яриа хэлэлцээ хийхгүй байх шалтгаан Умардын талд байхгүй гэж Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун мэдэгджээ. Ким Жөн Ун өнгөрсөн бямба, ням гарагт болсон парламентын хуралдааны үеэр үг хэлэх үеэрээ ийнхүү мэдэгдсэнийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ уламжилсан байна.


Д.Трамп өнгөрсөн сард Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мёнтэй дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ энэ онд Умардын удирдагчтай уулзана гэж найдаж байгаагаа илэрхийлсэн юм.


Харин Умард Солонгосын удирдагч цөмийн зэвсгээс хэзээ ч татгалзахгүй гэдгээ тодорхой хэлээд, хэрэв Вашингтон цөмийн зэвсгээс ангижрахыг яриа хэлэлцээний нөхцөл болгохыг шаардахгүй бол Умардын тал АНУ-тай хэлэлцээний ширээний ард суух боломжтой гэж мэдэгдсэн байна. “Хэрэв АНУ цөмийн зэвсгээс ангижруулах гэсэн сэтгэлгээгээ орхиж, бодит байдлыг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр Умард Солонгостой энх тайвнаар зэрэгцэн оршихыг эрмэлзэх юм бол АНУ-тай хэлэлцээ хийхгүй байх шалтгаан бидэнд байхгүй” гэж Ким Жөн Ун хэлжээ. “Би хувьдаа АНУ-ын Ерөнхийлөгч Трампын тухай сайхан дурсамжийг тээсэн хэвээр байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.


Гэхдээ тэрбээр Умардын тал цөмийн зэвсгээс татгалзах хүсэлгүй байгааг онцлоод, цөмийн зэвсэг нь наймаа хийх зүйл биш гэдгийг онцолжээ. “Хэрэв дайснууд хориг арга хэмжээ авах эсвэл хүчээ зузаатгах замаар биднийг дарж, ялна гэж бодож байгаа бол энэ нь буруу тооцоолол юм” гэж Ким Жөн Ун хэлсэн байна.


Өмнөд Солонгосын тухайд Умардын удирдагч хэлэхдээ, Өмнөдийн талтай хэзээ ч хэлэлцээний ширээний ард суухгүй гэдгээ илэрхийлээд, Умардууд хэзээ ч Өмнөд Солонгостой нэгдэхийг эрмэлзэхгүй гэдгийг онцолжээ. “Улс төр, батлан ​​хамгаалахын салбараа харийн гүрэнд даатгадаг улстай бид хэзээ ч нэгдэхгүй” гэж Умардын удирдагч хэлээд, хоёр Солонгосын нэгдлийг “шаардлагагүй зүйл” гэж нэрлэсэн байна.


Ким Жөн Ун мөн Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах тухай Ерөнхийлөгч Ли Жэ Мёны гурван үе шаттай төлөвлөгөөг няцааж, энэ санаа нь өмнөх удирдагчдынх нь саналуудын “хуулбар” төдий байсан гэж хэлжээ.


Эхний шатанд Умардын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг царцаахаас эхлээд гурван үе шат бүхий Умардыг цөмийн зэвсгээс ангижруулах төлөвлөгөөг хэрэгжүүлнэ гэж Ли Жэ Мён мэдэгдсэн юм. 2023 оны 12 дугаар сард Ким Жөн Ун Солонгос хоорондын харилцааг “бие биедээ дайсагнагч хоёр улсын харилцаа” хэмээн тодорхойлж, Өмнөдтэй эвлэрч, нэгдэхийг эрэлхийлэхгүй гэдгээ мэдэгдсэн байна.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг