sonin.mn

ДАМАСК, 2025 оны есдүгээр сарын 22 /DW/. Сирийн түр Ерөнхийлөгч Ахмед аш-Шараа тэргүүтэй шинэ эрх баригчид Башар Асадын дэглэм унаснаас хойш Ардын зөвлөл буюу нэг танхимтай парламентын анхны сонгуулийг 10 дугаар сарын 5-нд явуулахаар товлосон тухай тус улсын төрийн мэдээллийн “SANA” агентлаг мэдээлжээ. 


Парламентын 210 гишүүний 140-ийг нь сонгох санал хураалтыг улс орон даяар “сонгуулийн бүх тойрогт” явуулна гэж тус агентлаг мэдээлжээ. Урьд нь Сирийн Сонгуулийн хороо аюулгүй байдлын үүднээс Эс-Сувейда, Эль-Хасака, Эль-Ракка мужуудад санал хураалтыг хойшлуулна гэдгээ мэдэгдсэн байна.


Өнгөрсөн долоодугаар сард Эс-Сувейда мужид друз болон бедуинуудын хооронд мөргөлдөөн болсон бол Эль-Хасака, Эль-Ракка мужуудын зарим нутаг курдүүдийн “Сирийн ардчилсан хүчнүүд”-ийн (SDF) хяналтад байгаа юм. Үлдсэн 70 гишүүнийг Ерөнхийлөгч аш-Шараа томилох аж. Одоогийн тогтолцоо нь цөөнхийн оролцоог төдийлөн сайн хангаагүй тул парламентын шинэ бүрэлдэхүүн Сирид илүү өргөн хүрээтэй ардчилсан үйл явцын үндэс суурийг тавина гэж шинжээчид үзэж байна. Шилжилтийн хугацаанд парламент нь Сирийн шинэ хууль тогтоомжийг боловсруулахаас гадна,байнгын Үндсэн хуультай болоход дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээнэ. 


Сирийн Ерөнхийлөгч асан Башар Асадын дэглэмийг түлхэн унагаснаас хойш тус улсад парламентын сонгуулийг анх удаа явуулах гэж байна.


Өнгөрсөн оны 12 дугаар сарын 8-нд сөрөг хүчний зэвсэгт бүлэглэлүүд Дамаск хотод орсны дараа Башар Асад Ерөнхийлөгчийн албан тушаалаа орхиж, эх орноосоо дүрвэн гарснаар 14 жил үргэлжилсэн иргэний дайн эцэс болсон билээ Асадын үед Ард түмний зөвлөлийн сонгуулиудын үеэр олон зөрчил гардаг байсан бөгөөд дарангуйлагчийн нам ялдаг байв. Сирийн сөрөг хүчин болон Барууны зарим орон эдгээр сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрдөггүй байлаа.


Сирийн түр Ерөнхийлөгч аш-Шараа шилжилтийн үеийн Үндсэн хуулийн тунхаглалд өнгөрсөн гуравдугаар сард гарын үсэг зуржээ. Тунхаглалд зааснаар, түр парламентын бүрэн эрхийн хугацаа анхандаа гурван жил байх бөгөөд үүний дараа хууль тогтоох байгууллагыг дахин сонгож болно.


Мөн Ардын зөвлөл нь төрийн тэргүүнийг огцруулах, бүрэн эрхийг нь хязгаарлах эрхтэй боловч эхний шатанд гүйцэтгэх дээд эрх мэдлийг зөвхөн ерөнхийлөгч хэрэгжүүлнэ гэж заасан байна. Сирийн парламентын сонгууль есдүгээр сарын 15-20-ны хооронд болно гэж SANA агентлаг долоодугаар сард Сонгуулийн хорооны мэдэгдлээс эш татан мэдээлжээ.





Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг