sonin.mn

2025 оны 4 дүгээр сарын 14-18-ны өдрүүдэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож улсад төрийн айлчлал хийлээ. Айлчлалын дараа ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн байна.


Ван И энэ үеэр хэлэхдээ, "Ши Жиньпиний энэ удаагийн айлчлал нь Хятад улсын төрийн тэргүүний 2025 онд гадаад улсад хийж буй анхны айлчлал бөгөөд хөрш орнуудтай харилцах бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй чухал дипломат арга хэмжээ болжээ. Олон улсын нөхцөл байдал ганц талт үзэл, хүчний бодлого давамгайлж буй энэ үед Хятадын төрийн тэргүүн хөрш орнуудтайгаа хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулах, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, харилцан ашигтай хөгжил цэцэглэлтийг эрэлхийлэх зорилготойгоор уг айлчлалыг хэрэгжүүлсэн байна.Таван хоногийн турш Ши Жиньпин албан ёсны гучаад арга хэмжээнд оролцож, сайн хөршийн харилцаа, аюулгүй байдлын хамтын тогтолцоо, хөгжил цэцэглэлтийн стратеги, чин үнэнч ба хүртээмжтэй хамтын ажиллагаа, хувь заяаны хамтын нийгэмлэгийн үзэл баримтлалын талаар гүнзгий байр сууриа илэрхийллээ. Айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны хэдэн зуун төслийг амжилттай тохиролцож, хөрш орнуудын хамтын хөгжлийн шинэ замыг тодорхойлсон нь Хятад болон Зүүн өмнөд Азийн орнуудын харилцаанд шинэ хуудсыг нээсэн явдал боллоо.


Айлчлалын үеэр уг гурван улс Ши Жиньпин даргад онцгой ач холбогдол өгч, халуун дотноор угтан авч, дээд түвшний хүндэтгэлийн арга хэмжээнүүд зохион байгуулсан нь эдгээр орнууд Хятадтай харилцах харилцааг нэн чухалчилж буйг илтгэж байна.


Ши Жиньпиний энэ айлчлал олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд байж, Хятад улс хөрш орнуудтайгаа баяр, зовлонг хамтдаа үүрэлцэх, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх чин зорилгодоо үнэнч байгааг харуулсан юм. Мөн олон талт үзэл, олон улсын худалдааны дэг журмыг хамгаалах Хятадын шийдвэртэй байр суурийг илэрхийлж, өнөөгийн ээдрээтэй дэлхийн нөхцөлд том гүрний хувьд үүрэг хариуцлагаа биелүүлж буйн нотолгоо боллоо.

Айлчлалын үеэр Ши Жиньпин дарга олон улсын шударга ёсыг хамгаалах, чөлөөт худалдааг дэмжих, ганц талт дээрэнгүй үзлийг эсэргүүцэх, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулах тухай итгэл үнэмшлээ илэрхийлж, улс орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагаанд хүч нэмсэн.


Саяхан хуралдсан хөрш орнуудын харилцааны бодлогын тухай ХКН-ын Төв хорооны хурлын үндсэн зорилго нь энх тайванч, хөгжил цэцэглэлттэй, найрсаг хөршийн орчныг бүрдүүлэхэд чиглэж буйг тэрээр дурдлаа. Сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын аюулгүй байдал, хөгжлийн нэгдсэн стратеги, хүртээмжтэй, чин сэтгэлт түншлэлийн хүрээнд хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлох бодлогыг хэрэгжүүлж буй нь Ши Жиньпин даргын энэ айлчлалаар батлагдаж байна.

Энэхүү айлчлал нь зөвхөн Хятад ба хөрш орнуудын харилцааны шинэ шатанд гарсан үйл явдал төдийгүй Ши Жиньпиний дипломат бодлогын үзэл баримтлал бодитой хэрэгжиж буйг харуулсан, бүс нутгийн тогтвортой байдал, хамтын хөгжлийн төлөө чухал ач холбогдолтой алхам боллоо "гэжээ.


Г.Бямба