
Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн /NHL/ “Вашингтон Кэпиталз” багийн ахлагч, Оросын довтлогч Александр Овечкин “Баффало Сейбрз” багтай хийсэн тоглолтод шайб орууллаа.
Ингэснээр өдгөө 39 настай тэрбээр 890 дахь гоолоо оруулж, NHL-ийн түүхэнд хамгийн олон гоол оруулсан Канадын домогт хоккейчин Уэйн Гретцкигийн амжилтыг давтахын тулд 4 шайб хийх үлдлээ.
У.Гретцки 1487 тоглолтод оролцохдоо нийт 894 гоол оруулсан юм. Энэ удаагийн тоглолтод вашингтончууд өөрийн талбайд “Баффало”-д 5:8 харьцаагаар хожигджээ. Овечкин нэг гоол оруулснаас гадна хоёр удаа оновчтой дамжуулалт хийлээ. Одоогийн байдлаар тэрбээр энэ улиралд 37 шайб оруулж, 26 гоолын дамжуулалт хийгээд байна. Мөн 140 дэх удаагаа нэг тоглолтод 3 ба түүнээс оноо авсан бөгөөд энэ үзүүлэлтээр 19 дүгээрт бичигджээ.
“Вашингтон” баг 73 тоглолтын дараах байдлаар 103 оноо авч Нийслэлийн дивизионыг тэргүүлж байгаа бөгөөд улирал дуусах хүртэл 9 тоглолт хийх үлдсэн байна.
Дөрөвдүгээр сарын 2-нд вашингтончууд “Бостон Брюинз” багтай талбайд нь тоглоно. Өмнө нь NHL-ийн комиссар Гэри Беттмэн мэдэгдэхдээ, Овечкин рекорд тогтооход 4 гоол үлдсэн тэр мөчөөс эхлэн У.Гретцкитэй хамт түүний тоглолтуудыг үзнэ гэж байв.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл0