sonin.mn

Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг болох WADA процессын шинжтэй луйвар хийсэн гэж үзэж буй Оросын уран гулгагч Камила Валиевагийн өмгөөлөгчид Швейцарын Дээд шүүхийн шийдвэрийг дахин нягтлах хүсэлт гаргажээ.


Валиевагийн тэмцээнд оролцох эрхийг хасах тухай Спортын арбитрын шүүхийн шийдвэрийг Швейцарын шүүх хүчинтэйд тооцсон юм.


Өмнө нь мэдээлснээр, Оросын сэргээшийн эсрэг агентлагийн /РУСАДА/ хүсэлтийн дагуу ВАДА агентлаг Валиевагийн хэрэгт хараат бус дүгнэлт хийлгэхээр Лозанн хот дахь лабораторийн эрхлэгчээр ажиллаж байсан Марсьял Сожиг хөлслөн ажиллуулжээ. Профессор Сожигийн хийсэн туршилтын дүгнэлтэд “триметазидин агуулсан эмийн үйрмэгүүдийн ул мөр нь сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарахад хүргэсэн байж болзошгүй” гэсэн нь Валиевагийн өмгөөлөгчдийн дүгнэлттэй тохирчээ. Гэвч ВАДА Сожигийн туршилтын дүнг харгалзаж үзээгүй байна. 


Түүнээс гадна, РУСАДА-гийн хүсэлтийн дагуу ВАДА агентлаг 8 асуултад хариулт авахыг хүссэн боловч зөвхөн 7 асуултын хариуг тайландаа тусгажээ. Харин “триметазидин нь ямар замаар тамирчны биед нэвтэрсэн бэ?” гэх асуултын хариуг орхигдуулсан байна.


“ВАДА-гийн зүгээс процессын шинжтэй луйвар хийсэн болохыг профессор Сожигийн тайлан баталж байгаа учраас бид Швейцарын шүүхийн шийдвэрийг эргэн нягтлах хүсэлт гаргасан” гэж Валиевагийн өмгөөлөгчид мэдэгджээ. Болсон явдлыг өгүүлвээс, Спортын арбитрын шүүх /CAS/ сэргээш хэрэглэсэн гэх үндэслэлээр 2022 оны өвлийн Олимпын багийн төрөлд түрүүлсэн уран гулгагч К.Валиевагийн тэмцээнд оролцох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, 2021 оны 12 дугаар сарын 25-наас хойших бүх амжилтыг нь хүчингүй болгосон билээ.


Үүний дараа Олон улсын тэшүүрийн холбооноос /ISU/ Бээжингийн өвлийн Олимпын наадмын уран гулгалтын багийн төрөлд авсан медалиудыг дахин хуваарилж, АНУ-ын багт алтан медаль, Японы уран гулгагчдад мөнгөн медаль, Оросын багт хүрэл медаль олгохоор шийдвэрлэжээ.


Орос, Канадын багууд ISU-гийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах өргөдөл гаргасан боловч CAS хүлээж аваагүй ба Швейцарын Холбооны шүүх Валиевагийн эрхийг хассаныг давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.  



Б.Адъяахүү