sonin.mn

Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны / World Athletics/ зөвлөлийн хуралдаанаас ОХУ ба Беларусь улсын хөнгөн атлетикийн тамирчдын олон улсын тэмцээнүүдэд оролцох эрхийг хассан хугацааг сунгах шийдвэр гаргажээ. 


Тус зөвлөлийн ээлжит хуралдаан гуравдугаар сарын 24-25-ны өдрүүдэд Хятад улсын Нанжин хотод болсон байна.


“Орос, Беларусийн тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулах эсэх асуудлыг судлах ажлын хэсгийн зөвлөмжийг Зөвлөл хүлээн аваад, хоригийг хүчингүй болгох, нэмж хориг тогтоох эсвэл хоригийг өөрчлөх шаардлагагүй гэж үзлээ. Одоо нэгэнт эхлээд буй энхийн хэлэлцээнд гарах ахиц дэвшлээс тамирчдыг тэмцээнд оролцуулах асуудал хамаарна. Хоёр тал энхийн гэрээ байгуулсан тохиолдолд нөхцөл байдлыг эргэн харах боломж бий. Гэхдээ өмнө нь хэлсэнчлэн, хөнгөн атлетик дахь сөрөг үзэгдлүүдтэй тэмцэх AIU байгууллагын зүгээс Орос, Беларусийн тамирчдаас сорьц авах явцыг хатуу хянасаар байх болно” гэж World Athletics холбооны ерөнхийлөгч Себастьян Коу хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.    


Сэргээштэй холбоотой дуулианаас үүдэн Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо 2015 оны 11 дүгээр сард Бүх Оросын хөнгөн атлетикийн холбооны /ВФЛА/ гишүүнчлэлийг түр хугацаагаар зогсоосон юм.


2023 оны гуравдугаар сард World Athletics-ийн зөвлөл ажлын хэсгийн зөвлөмжийг хүлээн авч, ВФЛА-гийн статусыг сэргээхийг зөвшөөрчээ. Гэхдээ Украины нөхцөл байдлаас шалтгаалан World Athletics-ийн ивээл дор болдог тэмцээнүүдэд Орос, Беларусийн тамирчдыг оролцуулахгүй гэсэн шийдвэрээ сунгасан байна.  




Б.Адъяахүү