sonin.mn

Улаанбаатарыг утаанаас салгаж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой төрийн өмчит томоохон компанийг Засгийн газар 2018 оны тавдугаар сарын 10-ны өдрийн тогтоолоороо байгуулж байв. Энэ нь “Таван толгой түлш” ХХК юм. Өнөөдөр энэ компани агаарын бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоо биелүүлж чадаж байна уу. Харамсалтай нь, үгүй гэдгийг хэн хүнгүй хэлнэ, олон ч баримт нотолно. Дайран дээр давс гэгчээр өнгөрсөн хугацаанд “Таван толгой түлш” ХХК-ийг тойрсон шахааны бизнесүүд цэцэглэж, эрх бүхий хүмүүсийн “төрийн мөнгө”-өөс хүртэж, ашиг олдог дамжин өнгөрөх бааз болтлоо хөгжсөн байна. “Зууны мэдээ” сонин Нийтийн эрх ашгийн төлөөх бүтээлээрээ өмнө нь шахмал түлшний барьцалдуулагч тойрсон асуудлыг хөндөж байсан бол энэ удаа шахмал түлшний шуудайны “шахаа” тойрсон асуудлаар сурвалжилгаа бэлтгэлээ.


“Шахмал түлшний шуудайг 100 хувь импортоор авч байна”


Олон улсад томоохон төслүүдийг хэрэгжүүлснээр ажлын байр нэмэгдэж, жижиг дунд үйлдвэр хөгжиж, үүний үр дүнд эдийн засаг нь тэлж,солонгордог сайн жишээ олон бий. Дотоодын зах зээлээ дэмжих бодлого нэн тэргүүнд хэрэгжүүлдэг гэсэн үг л дээ. Тэгвэл “Таван толгой түлш” ХХК-д ийм эх оронч бодлого бараг л “гоёдохоор” байна.


Дотоодоос багахан хэмжээнд нийлүүлэх оролдлого хийснийг эс тооцвол өнөөдрийг хүртэл Монгол Улс шахмал түлшний шуудайгаа 100 хувь импортоор авч байна.


Ингэхдээ өнгөрсөн долоон жилийн хугацаанд урд хөршөөс 140 сая орчим ширхэг шуудайг 83 тэрбум төгрөгөөр хуралдан авчээ. Энэ мөнгө Монгол Улсын эдийн засагт эргэлдсэн бол хэрэгтэй сэн. Хэд хэдэн жижиг дунд үйлдвэрүүд “босоод” ирэх ч байсан юм бил үү. Гэвч дотоодод үйлдвэрлэсэн шуудай чанаргүй, шахмал түлш тээвэрлэх шаардлага хангадаггүй, олон нийтээс дотоодын үйлдвэрийн шуудай муу байна гэсэн санал их ирдэг учраас гэх шалтгаанаар урагшаа татвар төлөгчдийн мөнгийг урсгасаар. Уг нь алдаатай, оноотой нь дотоодын үйлдвэрлэгч нараа “чирээд” л явсан бол өнөөдөр “Таван толгой түлш” ХХК нэг ч гэсэн гавьяатай байх ч байсан юм бил үү. Ийм бодлогыг тэд хэрэгжүүлж, чадаагүй нь харамсалтай.

 

“Алхими” ХХК 34.4 тэрбум төгрөгийн шуудай “шахжээ”


“Алхими” ХХК өнгөрсөн хоёр жилийн хугацаанд монопол байдлаар “Таван толгой түлш” ХХК-д 34.4 тэрбум төгрөгийн шуудай “шахжээ”.


Шахмал түлшний шуудайг худалдан авахдаа сонгон шалгаруулалт явуулдаг. Энэхүү сонгон шалгаруулалт ч шударга явагддаг нь эргэлзээтэй. Тендерт олон компани “үзэлцдэг” ч сүүлийн хоёр жилийн хугацаанд ганцхан компани “Таван толгой түлш” ХХК-д шуудай нийлүүлж байна. 


Энэ улаан шуудай нийлүүлдэг “Алхими” ХХК юм. Тус компани сүүлийн хоёр жил дангаараа 34.4 тэрбум төгрөгийн шуудай “шахжээ”. Үүнтэй холбоотойгоор Хотын дарга Х.Нямбаатар нэгэнтээ “Таван толгой түлш” ХХК-д аудитын шалгалт оруулна. Хууль хяналтын байгууллагаар шалгуулна.


Ер нь бол “Тавантолгой түлш” ХХК-д хулгай гарах бүх нүх, сүв бүрийг таглана. “Тавантолгой түлш” ХХК-д барьцалдуулагч, шуудай “шахах” бизнес хэрээс хэтэрсэн, “нүүрсний хулгай”-н хэрэгтэй дүйцэхүйц том асуудал болчхоод байгаа” гэсэн анхааруулгыг өгч байв. Гэхдээ мэдэгдлээс хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Гэсэн ч аудитын дүгнэлт гараагүй, хуулийнхан шалгаагүй, хулгайн нүх сүв байсаар, нам жим болсон. Тэгэхээр Хотын дарга Х.Нямбаатарын энэ мэдэгдэл улс төрийн зорилготой ээлжит мэдэгдэл нь байсан байж мэдэх юм.


“Алхими” ХХК өнгөрсөн хоёр жилийн хугацаанд монопол байдлаар “Таван толгой түлш” ХХК-д 34.4 тэрбум төгрөгийн шуудай “шахжээ”.


“Тавантолгой түлш” ХХК-ийн шуудайны нийлүүлэлтийг шүүж үзэхэд “Алхими” ХХК нь:


2023 оны долдугаар сард “Тавантолгой түлш” ХХК-ийн “Баруун үйлдвэрт шуудай худалдан авах”- 5.6 тэрбум төгрөгийн тендер

2023 оны долдугаар сард“Тавантолгой түлш” ХХК-ийн “Зүүн үйлдвэрт шуудай худалдан авах”- 5.6 тэрбум төгрөгийн тендер

2023 оны долдугаар сард “Тавантолгой түлш” ХХК-ийн “Төвийн үйлдвэрт шуудай худалдан авах”- 5.6 тэрбум төгрөгийн тендер

2023 оны есдүгээр сард “Тавантолгой түлш” ХХК-ийн “Шуудай худалдан авах”- 2.8 тэрбум төгрөгийн тендер

2024 оны гуравдугаар сард “Тавантолгой түлш” ХХК-ийн “Шуудай худалдан авах”- 14.7 тэрбум төгрөгийн тендерт тус тус шалгарч нэг шуудайг 600 төгрөгийн үнээр нийлүүлж байна. “Алхими” ХХК нь монгол адууны удмын санг бүрдүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулдаг байна

 

“Алхими” ХХК нь хурдан морины удмын санг бүрдүүлдэг программ зохион бүтээж энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг.  Бид тус компанийн удирдлагуудтай холбогдож, тендертэй холбоотойгоор нээлттэй мэдээлэл авах гэсэн ч “мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. “Алхими” ХХК-ийн тухай нээлттэй мэдээллээс харахад Б.Ганбат гэх залуу эзэмшиж, удирддаг. “Алхими” ХХК-ийг хувьцаа эзэмшигч Б.Гүнжидмаа, А.Алтанхуяг гэж хүн байна. Зарим хэвлэлд гарсан мэдээллээс харахад А.Алтанхуяг нь МАН-ын гишүүн бөгөөд 2012-2016 онд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч хийжээ. Мөн УИХ-ын гишүүн, Шадар сайд асны шадар туслах, бие төлөөлөгчөөр ажиллаж байсан нэгэн юм байна. Ийнхүү тэд шахмал түлшний шуудай нийлүүлэх тендерт “ноёлсон” хэвээр байгаа юм.


25 килограммын шуудайгаар хангах бүрэн боломжтой


“Таван толгой түлш” ХХК нь хэсэгхэн хугацаанд Монгол компаниа дэмжих оролдлого хийсэн гэдгийг бид нийтлэлдээ дурдсан. Тэр нь “Мон эко шуудай” компани дээр бүртгэлтэй “Гранд Лаки” ХХК юм. Тус компани 2021 онд байгуулагджээ. “Таван толгой түлш” компанийн хоёр сая шуудайг хийх тендерийг авч, эргэлтийн хөрөнгө болох 700 сая төгрөгийг Хадгаламж зээлийн хоршооноос сарын гурван хувийн хүүтэй зээлж энэ бизнест орсон. 


Монголдоо жижиг шуудай үйлдвэрлэдэг анхны үйлдвэр. “Таван толгой түлш”-д дахин боловсруулах боломжтой цагаан шуудай нийлүүлсэн. Энэ талаар тус компанийн захирал О.Энхбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хэрэв “Таван толгой түлш” компани жилийнхээ хэрэгцээг ахиухан өгч дэмжээд өгвөл сайн байна.


Хоёр сая шуудайны захиалга манай бизнест үнэхээр хэрэг болсон. Манай компани сайжруулсан түлш савлаж буй 25 килограммын шуудайг Монголдоо бүрэн хангах боломжтой. Бидний үйлдвэрлэж буй цагаан шуудай хаягдал болсон ч дахин боловсруулаад төмс ногоо хийх зориулалттай шуудай юм. Харин хятадаас орж ирж буй улаан шуудай нь дахин боловсруулах боломжгүй материалтай юм шүү дээ. Монголд даацын болон жижиг шуудай үйлдвэрлэх бүрэн боломжтой.” гэсэн байдаг. Тэд Хятадаас худалдаж авч буй улаан шуудайтай ижил үнээр буюу нэг шуудайг 600 төгрөгөөр нийлүүлжээ. 


Тендер дахин ялбал үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг нэмэгдүүлнэ гэсэн хүлээлттэйгээр “Таван толгой түлш” ХХК-ийн дараагийн шатны тендерт орсон ч шалгарч чадаагүй, импортын бүтээгдэхүүнийг сонгосон байдаг.


Жижиг дунд үйлдвэрлэгчийн амнаас “Жилийнхээ хэрэгцээг ахиухан өгч дэмжээд өгвөл сайн байна” гэдэг урам зориг дүүрэн үг гарч байсан ч дараагийн тендерт “шахаа”-ныханд алджээ.  Ер нь дотоодын үйлдвэрлэгчдээ яагаад дэмжиж болдоггүй талаар бид “Таван толгой түлш” ХХК-ийн төлөөллөөс асуухад “Дотоодод үйлдвэрлэсэн цагаан шуудайг туршиж үзсэн. Гэвч чанаргүй, шахмал түлш тээвэрлэх шаардлага хангадаггүй, олон нийтээс цагаан шуудай муу байна гэсэн санал их ирсэн учраас импортын шуудайг сонгодог” гэсэн хариулт өгсөн юм.


“Манай улсад хахууль авдаг, өгдөг компаниа шалгаруулдаг жишиг тогтсон”


“Таван толгой түлш” компанийн шуудай үйлдвэрлэх тендерт “Сүүлийн гурван жил ашигтай ажилласан байх ёстой” гэсэн шаардлага тавьжээ. Үүнийг нь үндэсний үйлдвэрлэлүүд хангах боломжгүй гэдгийг хэлж байлаа. Харин монгол адууны удмын санг бүрдүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулдаг “Алхими” ХХК нь тэнцсэн байдаг.


Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Б.Болдбаатар энэ талаар “Манай улсад хүнд даацын баяжмалын шуудай үйлдвэрлэдэг арав гаруй компани байдаг. Харин шахмал түлшний шуудай үйлдвэрлэх боломжтой нэг компани байна. 


Тус компани нь түлшний шуудай үйлдвэрлэх тоног төхөөрөмж болон бусад бүх зүйлээ оруулаад ирсэн гэсэн үг. Манай улсад аль хэдийн шуудайн үйлдвэр байгуулагдсан ч захиалгат ажил байхгүй болохоор үйл ажиллагаа нь жигдэрч өргөжиж өгдөггүй. Хамгийн гол нь “Таван толгой түлш” компани тендерт ороод ялагдсан. Нуулгүй хэлэхэд, манай улсад хахууль авдаг, хахууль өгдөг компаниа шалгаруулдаг жишиг тогтоод байна уу хэмээн харж байна. Манай сав баглаа, боодлын үйлдвэрүүд чинь цаасан түүхий эд, хуванцрын түүхий эдээ бүгдийг нь урдаас авдаг нь үнэн. Гэхдээ түүхий эдийг нь гаднаас авсан ч дотооддоо боловсруулж, 50 хувь нэмүү өртөг шингээгээд борлуулж болно шүү дээ. Ингэж чадвал зуун хувь импортоос авснаас дээр биз дээ. Дээрээс нь олон хүнийг ажлын байраар хангана. “Таван толгой түлш” компанийн зүгээс янз бүрийн тайлбар хийж байгаа нь зүгээр л шалтаг гэсэн тайлбар өглөө.


Цар тахлын дараах эдийн засгийн уналтад жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид голдуу өртсөн. Уг нь манай улс 2019 онд Жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийг баталсан. Ингээд төрөөс жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжинэ гэдгээ зарласан юм. 


Энэ салбарыг дэмжинэ гэхээр зөвхөн зээл гэж ойлгож хязгаарлаж болохгүй. Уг нь аль болох том төсөл хөтөлбөрүүдтэйгээ “уяж”, холбоод явбал илүү дэмжлэг болох боломжтой юм. Хамгийн энгийн жишээ нь шахмал түлшний шуудайгаа Монголдоо үйлдвэрлэдэг болчих хэрэгтэй. Хятадаас оруулж ирдэг бүтээгдэхүүн нь ямар нэгэн брэндийн нэр, хаяг байдаггүй. Гарал үүсэл нь тодорхойгүй гэсэн үг. 


“Улаан шуудайг дахин боловсруулах боломжгүй байдаг”


Шахмал түлш борлуулах цэгийн худалдаачдаас шахмал түлшний шуудайтай холбоотой мэдээллийг авлаа. Тэд шуудайн стандарт гэж байдгийг мэдэхгүй.  Хэмжээ нь анх ямар байсан түүгээрээ байгаа гэсэн юм. Одоогийн худалдаалж буй шуудайн дээр угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, шахмал түлшний стандартын лого болон бүтээгдэхүүний орц, хадгалах нөхцөл, үйлдвэрлэсэн он сар байлаа.


Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж нь тамхи таны эрүүл мэндэд хортой гэдэгтэй адил харагдаж байсан юм. Харин түлшний шуудайг хаанаас хэдэн төгрөгөөр худалдаж авдаг талаар борлуулагчдад мэдээлэл байсангүй.


Шахмал түлш хэрэглэгчдийн хувьд түлшний хэмжээ том, шаталт удаан үнс бага гардаг ба түүхий нүүрсийг бодвол хэрэглэхэд хөө тортог багатай, түлшний шуудай жижиг нүхнүүдтэй болохоор нунтаг юмнууд нь үлдээд байдаггүй, шуудайг задлахад жоохон төвөгтэй. Үнсээ болон хогоо хийгээд хаядаг” гэсэн юм.  Дахиад нэг асуудалтай зүйл байгаа нь одоо хэрэглэж байгаа улаан шуудайг дахин боловсруулах боломжгүй материалаар хийдэг. Шуудай нь гадуураа гялгар бүрхүүлтэй байдаг. Энэ бүрхүүл нь шахмал түлшийг ус чийгээс хамгаалах зориулалттай ч байгаль орчинд ээлгүй хог хаягдлын ангилалд багтаж байна.


Шахмал түлш үйлдвэрлэхэд мидлинг 95 хувийг бүрдүүлдэг. Үлдсэн таван хувьд барьцалдуулагч материал ашигладаг. Ингээд түлшээ шуудайнд савлаад иргэдэд хүргэж байна. Өөрөөр хэлбэл, шахмал түлш маань үндсэн гурван бүтээгдэхүүнээс бүрдэж байгаа юм.


Үүнээс барьцалдуулагч нь “барьцгүй” гэдгийг “Зууны мэдээ” сонин өмнөх нийтлэлээрээ хүргэсэн. Барьцалдуулагчаас болж иргэдийн амь нас хохирсон байж болзошгүй гэдгийг өнгөрсөн хугацаанд болсон харамсалтай явдлууд болон утааны сонсголын үеэр хангалттай яригдсан. Харин 95 хувийг бүтээдэг гол түүхий эд болох мидлингийг мөн ганцхан компани монопол хэлбэрээр Хятадаас нийлүүлж байна. Дээр нь гуравдагч бүтээгдэхүүн болох шуудайг нь хүртэл нэг компаниар дамжуулан шахаж байна. Ийм л барьцгүй, хяналтгүй шахааны бизнесийнхэн сүүлийн хэдэн жил Улаанбаатар хотын иргэд дээр туршилт хийж байгаа нь харамсалтай.




Т.БАТСАЙХАН, С.УРТНАСАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин