
УЕФА-гийн Үндэстнүүдийн лигийн тэмцээний шөвгийн наймын хариу тоглолтод Португалын шигшээ баг Данийн багийг бутниргэснээр хагас шигшээд шалгарлаа. Өчигдөр Лиссабонд болсон тоглолт 5:2 харьцаагаар талбайн эздийн давамгайллаар дууссан байна. Португалчуудаас Криштиану Роналду /72 дахь минутанд/, Франсишку Тринкан /86, 91/, Гонсалу Рамуш (115) нар гоол оруулсан бол Данийн Йоаким Андерсен /38/ алдаа гаргаж, өөрийн хаалганд бөмбөг оруулжээ. Шүүгч 6 дахь минутанд 11 м-ийн торгуулийн цохилт заасан боловч Роналду цохилтыг алджээ. Зочин багаас Расмус Кристенсен (56), Кристиан Эриксен (76) нар гоол оруулсан байна.
Тоглолт эхлэхийн өмнө Гиннесийн номд бүртгэгдсэний гэрчилгээг өдгөө 40 настай Роналдуд гардуулжээ. Тэрбээр үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглохдоо 132 удаа ялалт байгуулсан байна. Өмнө нь Испанийн хөлбөмбөгчин Серхио Рамос 131 гэсэн амжилтаар Гиннесийн номд бүртгэгдээд байсан юм.
Үндэстнүүдийн лигийн шөвгийн 8-ын өөр нэгэн тоглолтод Испанийн шигшээ баг Нидерландын багийг хожсоноор хагас шигшээд шалгарлаа. Валенсиа хотод болсон тоглолтын үндсэн ба нэмэлт үеүд 3:3 харьцаагаар өндөрлөсөн бөгөөд талбайн эзэн багийн Микель Оярсабаль (8 дахь минутанд торгуулийн цохилтоор, 67 дахь минут), Ламин Ямал (103) нар гоол оруулжээ. Нидерландын багаас Мемфис Депай (54), Йен Матсен (79), Хави Симонс (109, пенальти) нар гоол оруулсан бөгөөд торгуулийн цохилтоор ялагчийг тодруулахад испаничууд 5:4-өөр илүүрхлээ. Хоёр багийн эхний тоглолт 2:2-оор дууссан бөгөөд хоёр тоглолтын дүнгээр испаничууд хагас шигшээд шалгарч, Францын шигшээтэй тоглохоор боллоо.
Эхний тоглолтод 0:2-оор хожигдсон францчууд талбайдаа Хорватын шигшээг 2:0-оор хожсон тул торгуулийн цохилтоор ялагчийг тодруулахад Францын шигшээ баг 5:4-өөр илүүрхэж, хагас шигшээд шалгарсан байна.
Мөн Үндэстнүүдийн лигийн хагас шигшээд тоглох дөрөв дэх багаар Германы шигшээ тодорлоо. Германчууд Дортмунд хотод болсон тоглолтод Италийн шигшээ багтай 3:3 харьцаагаар хайнцсан бөгөөд эхний тоглолтод 2:1-ээр хожсон тул хоёр тоглолтын нийлбэр дүнгээр хагас шигшээд шалгарч, Португалтай тоглохоор боллоо.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл0