
“Зууны мэдээ” сонины сурвалжлах баг Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ Монгол Улсын зэвсэгт хүчний кибер аюулгүй байдлын цэргийн командлалын харьяа “Кибер халдлага зөрчилтэй тэмцэх Зэвсэгт хүчний төв, Зэвсэгт хүчний 301 дүгээр анги”-ийн ажиллагааны удирдлагын тасгийн дарга хошууч Э.Жавхлантөгстэй уулзаж ярилцлаа.
-Зэвсэгт хүчинд кибер аюулгүй байдлын анги шинээр байгуулагдсан гэж сонссон юм. Энэ талаар та мэдээлэл өгч болох уу?
-2020 онд Монгол Улс анх удаагаа кибер аюулгүй байдлын цэргийн командлалтай болсон. Өмнө нь манай улсын зэвсэгт хүчин хуурай замын болон агаарын цэргийн командлалтай байсан.
Ингээд кибер аюулгүй байдлын цэрэг, тусгай хүчний цэрэг, барилгын цэрэг гэсэн 3 командлал нэмэгдэж Монгол Улсын зэвсэгт хүчин маань нийт таван төрөл мэргэжлийн цэрэгтэй болж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “Цэргийн анги байгуулах тухай” тогтоол, Батлан хамгаалахын сайдын 2023 оны тушаалаар Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлалын харьяанд “Кибер халдлага зөрчилтэй тэмцэх Зэвсэгт хүчний төв- тусгай анги”-ийг Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт байгуулах тухай тушаал, шийдвэр гарсан. Ингээд кибер аюулгүй байдлын командлал өнгөрсөн оны зургаадугаар сард Дархан-Уул аймагт анх удаа мэргэжлийн ангитай болж өргөжин хүрээгээ тэлсэн.
-Тэгвэл кибер аюулгүй байдлыг хангахдаа цэргийн ангиудтай ижил түвшинд үүрэг гүйцэтгэж ажиллана гэсэн үг үү?
-Батлан хамгаалах салбарын мэдээллийн системд чиглэсэн кибер халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, кибер халдлага зөрчилд өртсөн мэдээллийн системийг нөхөн сэргээх, гаднын кибер халдлага, түрэмгийллээс хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Мөн гадаад дотоодын ижил чиг үүрэгтэй байгууллагуудтай мэдээлэл солилцож, хамтран ажиллаж байна. Манай анги Монгол Улсын Зэвсэгт хүчний кибер аюулгүй байдлыг хамгаалахад чиглэж ажиллана. Өөрөөр хэлбэл, манай улсад кибер халдлага зөрчилтэй тэмцэх гурван төв үйл ажиллагаа явуулж байна.
Тагнуулын ерөнхий газрын бүтцэд Кибер халдлага зөрчилтэй тэмцэх “үндэсний” төв, Цахим хөгжил инноваци харилцаа холбооны яамны бүтцэд Кибер халдлага зөрчилтэй тэмцэх “Нийтийн” төв, Кибер халдлага зөрчилтэй тэмцэх Зэвсэгт хүчний төв, Зэвсэгт хүчний 301 дүгээр анги гэсэн бүтэцтэйгээр Монгол Улсын цахим халдлага зөрчилтэй тэмцэх үйл ажиллагааг явуулж байна.
Дэлхийн улс орнуудын жишгээр батлан хамгаалах салбар нууцлал өндөртэй, кибер халдлагад өртөхгүй хамгаалагдсан байх ёстой. Тиймээс Монгол Улсын зэвсэгт хүчин кибер аюулгүй байдлын цэргийн командлалтай болсон. Бид зэвсэгт хүчний гадаад болон дотоод сүлжээний хэвийн үйл ажиллагааг ханган 24 цагаар мониторингийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж, хяналт тавин ажиллаж байна.
-Анги болоод өргөжихөөр цэрэг татна гэсэн үг үү. Кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?
-Кибер аюулгүй байдлын цэргийн анги маань хугацаат цэрэг гэж байхгүй. Харин мэргэжлийн офицер ахлагч нартай Учир нь кибер аюулгүй байдал нь тусгай мэргэжил учраас мэдээллийн технологийн чиглэлийн мэргэжлийн залуучууд ажиллана гэсэн үг.
Бид гадаад хамтын ажиллагааг идэвхжүүлэн АНУ-ын Аляска мужийн Үндэсний гвардтай хамтарсан сургалтын төлөвлөлтийн хурлыг хоёр үе шаттайгаар 2024 оны арав болон арванхоёрдугаар саруудад тус тус зохион байгуулсан.
Кибер аюулгүй байдлын цэргийн командлагчийн өгсөн үүргийн дагуу соён гэгээрүүлэх ажлын хүрээнд Булган, Орхон, Дархан-Уул аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад “Кибер аюулгүй байдлын тухай ойлголт, кибер аюулгүй байдлаа хэрхэн хангах” сэдвээр сургалтыг зохион байгуулан ажиллаж байна.
-Соён гэгээрүүлэх ажлыг хийдэг байна. Нийгэмд кибер аюулгүй байдлыг хамгаалахад хүмүүсийн оролцоо хандлага чухал байх л даа?
-Монгол Улсын хэмжээнд сүүлийн дөрвөн сарын байдлаар гэхэд 1.600 орчим цахим залилан, хэрэг үйлдэгдэж үүний улмаас 10 тэрбум төгрөгийн хохирол учирсан байгаа юм. Тэгэхээр богино хугацаанд ийм их хэмжээний хохирол учруулж байгаа нь сүүлийн жилүүдтэй харьцуулахад нэлээд өсөлттэй тоон үзүүлэлт гэдгийг судалгааны байгууллагуудаас хэлдэг. Тиймээс кибер аюулгүй байдлыг хамгаалах зайлшгүй шаардлага үүсэж байгаа хэрэг л дээ.
Бүр тодруулбал, манай улсын хэмжээнд кибер аюулгүй байдлыг хангаж ажиллах зайлшгүй шаардлага тулгарсан байна.
Дээрээс нь одоо Зэвсэгт хүчин бол одоо зайлшгүй шаардлагын улмаас энэ ангийг байгуулж байгаа. Манай Монгол Улсад хувь хүн кибер аюулгүй байдлаа хангах мэдлэг мэдээлэл ус агаар мэт хэрэгтэй болсон. Тиймээс нийгэмд мэдлэг мэдээллийг түгээхэд төвлөрч ажиллахаар зорьж байна.
-Манай улс кибер аюулгүй байдлаа хамгаалах эрх зүйн орчин ямар байгаа вэ?
-Манай улс 2021 онд Кибер аюулгүй байдлын тухай хуулийг баталж 2022 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль таван бүлэг 25 зүйлтэй. Бидний эрх зүйн гол баримт бичиг болж байна.
Д.ОЮУНЧИМЭГ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл3
Эвийдээ
Хүн доромжлоод тэнэг үү?
Юун түрүүн ЗХ нд албан хаагчид өөрийн улсын ухаалаг гар утастай болох. Өөрийн хиймэл дагуул холбоотой болох. Үйлдлийн системийг өөрийн болгохоос эхэлнэ