sonin.mn

2024 онд Монголын түүхийн ой санамжийг бататгасан түүхэн үйл явдал дэндүү олон байлаа. Түүний нэг нь 104 сум үүсэн байгуулагдсаныхаа 100 жилийн ойгоо тэмдэглэн, баяр наадмаа хийсэн нь тухайн сумдын уугуул, суугуул иргэдийн сэтгэл санааг дэврээж, нутгаа гэх бодол юуг нь сэргээсэн юм. Үндэсний бөх бол монголчуудын үнэт өв уламжлал, түүх, соёлоороо бахархах нэг сэжим байдаг. Тэгвэл баяр наадмын нэг цөм нь юу байдаг вэ гэвэл хүчит бөхийн барилдаан юм. Иймээс манай сонин өнгөрсөн онд 100 жилээ тэмдэглэсэн сумдын наадмын бөхийн мэдээг цувралаар нийтэлж байна.


Энэ удаа Өвөрхангай аймгийн Богд сумын түүхт 100 жилийн ой, сумын баяр наадмын манлай бөхчүүдийг танилцуулъя.


Өвөрхангай аймгийн Богд сум нь Сайн Ноён хан аймгийн Хан хөгшин болон Өлзийт хошууны нутагт хамаарах долоон багийн 5200 гаруй хүн амтай томоохон сум юм.

Хүн амын тоогоор аймагтаа гурав, газар нутгийн хэмжээгээр нэгд ордог.


Далайн түвшнээс дээш 2376-3024 метр өндөрт өргөгдсөн Монгол Алтайн нурууны үргэлжлэлд багтдаг. Тус сум хүн ам олонтой учир түүнийг дагаад алдартнуудаараа мөн давамгай.


Монголын нэрт яруу найрагч Цэгмэдийн Гайтав. Энэ сумын унаган. Тиймээс сумын дунд сургууль түүний нэрэмжит болсон юм. Богд сумын түүхт 100 жилийн ойн наадамд 64 бөх зодоглосноос тус сумын уугуул бөх, аймгийн арслан Хэвэлхүүгийн Энхчулуун түрүүлж Өмнөговь аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа үзүүрлэжээ. Шөвгийн дөрөвт аймгийн начин Д.Наранцогт, сумын заан Ө.Мэндбаясгалан нар шалгарсан байна.


Түрүүлсэн бөх аймгийн арслан Хэвэлхүүгийн Энхчулуун “Их Монголын хүчтэн” дэвжээ, “Алдар” спорт хорооны бөх хэмээн цоллуулдаг. Тэрбээр 2019 онд Өвөрхангай аймгийн наадамд гайхалтай сайхан барилдаж түрүүлж аймгийн арслан болсон юм.


Уг наадамд улсын заан Т.Санчир улсын харцага Х.Гантулга, улсын өсөх идэр начин М.Жамъянпүрэв, улсын начин Б.Санжсүрэн, Л.Батзориг нарын хүчтэнүүд зодоглосон ч тэдний хэн нь ч их шөвөгт үлдэж чадаагүй юм. Аймгийн арслан Х.Энхчулуун байнгын бэлтгэл сайтай нь харагддаг. Заал, танхимын барилдаанд амжилттай барилдаж байгаа. Тэр хэнтэй ч ач тач үзэлцдэг бөх. Х.Энхчулуун нэг ярилцлагадаа “Би учраагийнхаа цолтой нь биш өөртэй нь барилддаг гэж хэлсэн бий. Үзүүрлэсэн бөх аймгийн залуу арслан Ц.Лувсан-Адьяа Өмнөговь аймгийн Сэврэй сумын уугуул юм. 2020 онд Өмнөговь аймаг байгуулагдсаны 89 жилийн ойн баяр наадамд сумын заан цолтой Цэндээгийн Лувсан-Адьяа гэдэг залуу 20-хон насандаа долоо даван түрүүлж аймгийн арслан болсон юм.


Бөхийн өргөөнөө болсон нэг томоохон барилдаанд энэ залуу улсын дархан аварга Н.Батсуурьтай барилдахдаа хөлд нь орж дэрлэн унагаж байсныг бөх сонирхогчид мэдэх л байх.


Түүнийг дархан аварга А.Сүхбатын залуу үетэй тун төстэй барилдаантай гэж бөхийн мэргэжилтнүүд хэлж байхыг сонссон юм. Нээрээ л өөртөө итгэлтэй, шуурхай сайхан барилддаг нь харагддаг.



Д.НАДМИД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин