
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа 50 дугаар сургуулийн сурагч “Залуу Монгол” клубын тамирчин Б.Энхжаргалыг онцолж байна.
-Волейболын спортоор хичээллэж эхэлсэн түүхээс нь яриагаа эхэлье?
-Аав маань волейболын спортын мастер хүн. Тиймээс аавыгаа харж, үлгэр дуурайлал авч энэ спортод татагдсан. Долоон жилийн өмнөөс хичээллэж, гурван жилийн өмнөөс зорилготойгоор амьдралаа холбосон. Одоо Монголын дээд лигт болон олон улсад тоглохыг хүсэж, зорьж байна. Тамирчныхаа хажуугаар эрх зүй эсвэл сэтгэл судлалын чиглэлээр суралцахыг төлөвлөж байгаа.
-Энэ спортын хамгийн сайхан, үнэ цэнтэй зүйл нь өөрийн тань бодлоор юу вэ?
-Волейбол нь багийн спорт. Мөн мэдрэмж, ухаан, хурд шаарддаг. Ялангуяа холбогчийн байрлалыг энэ гурван үгээр илэрхийлж болох болов уу. Волейболын спорт надад их зүйлийг зааж сургасан. Өмнө нь би мяраалаг, утас их оролддог, айлын эрх хүүхэд байлаа. Харин энэ спортод дурлаж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, заалнаас салахаа больсон. Дэг журам, сахилга баттай байж, аливаад хариуцлагатай хандаж сурч байна. Мөн багийнхантайгаа ойлголцож, багш нартаа өөрийгөө зөвөөр илэрхийлэх гэх мэтчилэн олон талаар сайжирч байна.
-Холбогчийг багийн тархи гэдэг. Холбогчоор тоглох мэдрэмж ямар байдаг вэ?
-Тоглолтын уур амьсгалыг бүрэн мэдэрч, өөрийн болон эсрэг багийн тоглогчийг хянаж тоглодог. Тоглолтын 80-90 хувь холбогчоос шалтгаалдаг гэхэд буруудахгүй байх. Хамгаалагчаас ирсэн бөмбөгийг аль довтлогчдоо яаж холбовол оноо авах магадлалтай вэ гэдгийг тухайн агшинд тооцоолно. Овсгоотой, хурдтай, мэдрэмжтэй байх хэрэгтэй. Олон тэмцээн, урт хугацааны хамтын бэлтгэлийн ард багийнхантайгаа ойлголцоход хялбар болдог. Эсрэг багийн давуу болон сул талыг судалж, өндөр хаалтнаас бултуулж, нэг хаалттай довтлогчдоо холбох зэргээр тоглодог.
-Дотоод гадаадын олон тэмцээнд амжилт гаргаж байна. Тэдгээрээсээ дурдвал?
-“Залуу Монгол” клуб нь 50 дугаар сургуультай хамтын гэрээтэй гэж болно. Ихэнх тамирчид нь 50 дугаар сургуульд суралцдаг. Тиймээс “Залуу Монгол 50” нэрийн дор тэмцээнүүдэд нэгдэж оролцдог. Манай 50 дугаар сургуулийн эрэгтэй шигшээ баг сүүлийн 18 жил Чингэлтэй дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд тасралтгүй түрүүлж байна. Харин миний хувьд хоёр жилийн өмнө Монгол Улсын U16 шигшээ багтаа сонгогдож, Азийн аваргад амжилттай оролцсон. Өмнө жил шигшээ багийн бүрэлдэхүүнээрээ олон улсын хүүхдийн аравдугаар их наадамд Дөлбаяр, Энгүүн нарынхаа хамт нэгдүгээр байр эзлээд ирсэн. Мөн “Залуу Монгол 50” баг маань өсвөрийн улсын аварга болсон. Том амжилт гэвэл эдгээр байна.
П.ЛХАГВАЖАРГАЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0