
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн “Эрдэнэт Майнерс” багийн ахлагч Н.Золжаргалыг урьж, ярилцлаа.
-Сагсан бөмбөг сонирхогч Монголын ард түмний дунд та Цоожоо нэрээрээ алдаршсан. Гэвч жинхэнэ нэр тань Н.Золжаргал юм байна шүү дээ?
-Энэ тухай олон хүн асуудаг. Би заримд нь нууц, урт түүх гэж хэлээд инээдэм болгоод өнгөрөөчихдөг юм. Уг нь их энгийн. Миний төрсөн ахыг Н.Золбаяр гэдэг. Надаас хоёроор ах. Ах хэлд орохдоо миний нэрийг хэлж чадахгүй Зоожоо гэдэг байж. Тэр нь хүмүүст Цоожоо гэж сонсогдоод ойр тойрны хүмүүс, арван жилийн багш, ангийнхан гээд бүгд ингэж дууддаг болсон. Хүмүүс “Чамайг Батцоож гэдэг үү. Ямар цоож гэдэг юм?” гэж их асуудаг.
-Та хэзээнээс лигт тоглосон бэ?
-18 настай МУИС-ийн оюутан “Хасын Хүлэгүүд” багаас анхны дээд лигтээ тоглосноос хойш 20 жил өнгөрчээ. Дунд нь хэдэн жил АНУ-д сурч, ажиллаж амьдраад 2020 онд эргэж ирээд “Эрдэнэт Майнерс” багаас дахин тоглосон. Энэ жилийн лиг арван багтай, тамирчдын ур чадвар өндөр, өрсөлдөөнтэй өрнөж байна.
-Таныг АНУ-аас ирэхэд олон баг санал тавьсан болов уу. Яагаад “Эрдэнэт Майнерс”-ыг сонгов?
-Би 2013 онд Америк яваад дундуур нь буцаж ирээд “Эрдэнэт релинг реликс”, 2016 онд “Хасын Хүлэгүүд” багт тоглосон юм. Харин 2020 онд ирэхэд гурав, дөрвөн багаас санал тавьсан. Тэр дундаас “Хасын Хүлэгүүд” үү, “Эрдэнэт Майнерс” уу гэж яригдаж байгаад сонголтоо хийсэн. “Эрдэнэт Майнерс”-ыг сонгосон шалтгаан нь манай багийн Батжавхлан дүү хамт тоглохыг хүссэн юм.
-Энэ жилийн дээд лигт 10 баг өрсөлдлөө. Тэдний дундаас ялгарах танай багийн онцлог юу вэ?
-Манай баг байгуулагдаад таван жил болж байна. Харьцангуй хурдан нэгдэж чадсан. Намайг ордог жил финалд шалгарч, дараа жил нь аварга боллоо. Өнгөрсөн жил дөрөвдүгээр байрт шалгарсан бол энэ удаа плей оффын тоглолтод ороод явж байна. Гадаад дасгалжуулагч маань бидний ойлголцолд их нөлөө үзүүлсэн гэж боддог. Сагсан бөмбөг багийн спорт. Тиймээс хувь тоглогчийн амжилт гэхээс илүүтэй хэрхэн багтаа тус хүргэж, талбай дээр ашигтай тоглох уу гэж боддог. Нэг хүний зөв, буруу ямар нэгэн үйлдэл тэр багт шууд нөлөөлдөг тул багаараа нэг зорилго руу хөдөлж чадвал утга учир нь түүнд орших болов уу.
-Энэ хорин жилийн хугацаанд талбай дээр гаргасан таны хамгийн зөв шийдвэр, сэтгэлд тод үлдсэн мөчөө дурсвал?
-Хоёр оноо дутуу эсвэл тэнцсэн гэхчлэн багт оноо хэрэгтэй үед гурвын шидэлтээ унагаах нь эсрэг багт их дарамт болдог. 18 настай хүү анхны лигтээ хожлын оноо авсан тэр үе. Шарваа ах, Оогий ахын “1+1 лидер” багтай тоглож “Хасын Хүлэгүүд”-ээрээ хүрэл медаль хүртсэн болон аварга авсан тоглолтуудаас эхлээд олон сайхан дурсамж бий. Хожсон, хожигдсон бүх тоглолтоосоо суралцдаг. Хүний ой санамж онцгой зүйлсийг хадгалдаг юм болов уу. 2008 оны лигийн аваргын бүх тоглолт их тод байдаг. Мөн сүүлд “Эрдэнэт Майнерс” багтайгаа аварга авсан мөч сайхан.
-Тэгвэл амжилтын тань хамгийн оргил үе хэзээ вэ?
-Биологийн насаараа бодвол 23-26 нас байх. Энэ цаг үедээ гайгүй сайн тоглож байсан. Гэхдээ би 25-тайдаа гадагшаа явчихсан. Магадгүй 23-30 насандаа лигтээ тоглосон бол миний оргил цаг үе тэр байх байсан болов уу. Сүүлийн дөрвөн жил тоглохдоо алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн байна. Харин өмнөх жилүүдэд хоёр алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ. Аль нэгнийг нь тодотгоод хэлэхэд хэцүү юм. Өмнө нь багийн лидер, гол тоглогчийн үүргээр тоглодог байсан бол одоо туршлагатай, ахмад тамирчны хувьд багтаа хувь нэмрээ оруулж байна.
-Америкт байсан тэр он жилүүдэд лигээ, сагсан бөмбөгөө их үгүйлсэн болов уу?
-Америк дахь монголчуудын аварга шалгаруулах тэмцээн гэж болдог. Мөн ойролцоох мужуудаараа зохиодог азиудын аваргад монгол залуустайгаа ордог байлаа. Тэр тэмцээн 12 удаа болоход 11 удаа түрүүлсэн Солонгосын баг хамгийн хүчтэй өрсөлдөгч байж билээ. Бид гурван удаа мөнгөн медаль хүртсэн. Лиг шиг өдөр бүрийн бэлтгэл хийж, тогтмол цаг зарцуулахгүй ч ажил, хичээлийнхээ хажуугаар тодорхой хэмжээнд сагсаа тоглодог байсан. Ид тоглож байсан насандаа явсан болохоор больж чадахгүй хэцүү байсан. Тэгээд гэрийнхэнтэйгээ ярилцаад завсартай хоёр удаа ирж лигтээ тоглосон юм. Гэхдээ байнга ирж, буцаад байж чадахгүй болохоор сүүлийн дөрвөн жил яг Америктаа төвлөрсөн.
-2024-2025 оны дээд лигийн “Бүх Одод”-ын гурваас шидэлтийн аваргыг есөн жилийн дараа тав дахь удаагаа хүртэж нэгэн шинэ амжилтыг тогтоосон. Та бэлтгэл сургуулилалтаа хэрхэн хангаж байна вэ?
-Сагсан бөмбөг сонирхож эхэлсэн тэр үед багш маань бөмбөг өгч явуулаад орон дээрээ дээшээ харж байгаа шид гэдэг байлаа. Гараа мэдээгүй болтол тааз руу шиднэ. Бэлтгэл сургуулилалт чамайг бүтээнэ гэж бүх дасгалжуулагч нар хэлдэг байсан. Ер нь бэлтгэл, мэдрэмж хосолж шидэлтээ тогтмол барихад нөлөөлдөг. Магадгүй зарим үед аз тохионо. Гэхдээ тийм үе ховор. Тиймээс бие сэтгэл, цаг хугацаагаа бүрэн зориулах хэрэгтэй.
Өмнөх жилүүдэд “Бүх Одод”-ын тоглолтын ганц, хоёр урилга ирж байсан ч багийнхаа дүү нарыг оруулъя, залуучууд өөрсдийнхөө боломжийг нээг гэж боддог байсан. Харин энэ жилийн тухайд магадгүй сүүлийн жилээ орвол зүгээр юм уу гэж бодсон юм.
Багийн дүү нар маань та орооч гэхээр нь “Би орвол түрүүлчихнэ шүү дээ” гэж хошигнож байлаа. Бас хоёр хүү маань “Ааваа та орохгүй юм уу” гээд найзууд нь “Аав чинь орохгүй юм уу” гэж их асуусан. Тиймээс хоёр хүүдээ урам зориг болъё гэж бодоод дагуулж очоод оролцсон. Цом эрхийн бичгээ хоёр хүүдээ бариулаад баяр бахдалтай харьцгаасан. Сайхан мэдрэмж байсан.
Хүмүүс 11 номертой тоглодог болохоор сүүлийн жилээ 11 оноо авч түрүүлсэн юм уу гэж байсан. Өмнө нь 30 онооноос 26 авч түрүүлж байсан үе ч бий. Энэ удаад өмнөх залуугаасаа арай илүү шидэх бодолтой гарсан ингэж л таарлаа.
Өсвөрийн багт дасгалжуулагч бүгдийг зааж, зөвлөдөг байсан бол 19, 20 хүрээд өөрөө өөрийнхөө сул тал дээр илүү ажилладаг болдог. Мэдээж дасгалжуулагч зөвлөнө. Би хожигдох дургүй, шартай хүн болохоор өөрийгөө дайчилж, бэлтгэлдээ илүү цаг гаргадаг байсан. Өөрийгөө зөв хурцалж, алдаан дээр ажиллахыг илүүд үздэг.
-Хоёр хүү нь сагс тоглодог гэж байсан?
-Би хоёр хүүгээ сагсан бөмбөг тогло гэж шахдаггүй. Америкт байхдаа өөрөө дагуулж тоглоод, дасгалжуулагчид өгч байсан ч хэтэрхий балчир байсан болохоор болоогүй юм. Харин Монголд ирсний дараа өөрсдөө сагсан бөмбөгийн дугуйланд явъя гээд тоглож эхэлсэн. Одоо гавьяат дасгалжуулагч Баярцогт багш дээр “Этүгэн ирвэсүүд” багт тоглож байгаа.
Саяхан Бээжинд тоглоод ирсэн удахгүй Филиппин явна. Сагсчин байх нь цаг хугацаа, золиос их шаарддаг тул өөрсдөө хичээгээд, шийдвэртээ бат байвал дэмжинэ. Өөрсдөө их дуртай.
“3х3”-ын 14 насны болон 12 насны улсын аварга тус тус болсон байна. Би эхнэртэйгээ оюутан байхдаа танилцаж, таван хүүхдийн аав, ээж болжээ. Эхнэр маань надтай танилцаад сагс үзэх дуртай болсон. Багыгаа хараад гэртээ байгаа учир хааяа лигийн тоглолт үзэж чаддаггүй. Харин одоо хөвгүүдээ их дэмжиж, үзэж байгаа.
-Тамирчин хүн ар талаа сайн даадаг гэр бүлтэй байх нь амжилт гаргах үндэс байдаг болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Энэ жил ажил төрлийн хувьд амжихгүй зүйлс байна аа гэхэд эхнэр маань би арыг чинь даах болохоор санаа зоволтгүй тогло гэсэн. Магадгүй гэр бүлийн минь хүн дэмждэггүй байсан бол би сагсаа больсон байхыг үгүйсгэхгүй. Эхнэртээ их баярладаг.
-Өмсгөлийн номер тухайн тамирчинд их утга учиртай байдаг. Таны 11 номерын тухайд?
-Хүүхэд байхдаа Түвшинбаяр ахыг дэмждэг байлаа. Тиймдээ ч нөлөөлсөн байх. Тооны эхлэл нэг гэдэг утгаар их гоё санагддаг байлаа. Тухайн үеийн олон улсын тэмцээнд 4 – 15 номерыг өгдөг байсан. Ингээд анхнаасаа 11 номертой тоглоод эхэлсэн болохоор манай багийн тамирчид хүртэл “Заа Цоожоо авна биз дээ” гээд хүндэтгэлтэй ханддаг. Шигшээ багт байхдаа нэг удаа алдаж байсан. Өөр бусдаар энэ номероосоо салж үзээгүй.
-Хэнд алдсан юм бол?
-Тэр жил шигшээ багийн ахлагчаар Ш.Сэдбазар ах тоглосон юм. Гэтэл “11 номерыг чинь би авлаа шүү” гээд би “Үгүй” гээд би хоёр шидээд хожсон нь авахаар болов. Уг нь би хожсон боловч өгөөгүй. Тэгээд дасгалжуулагч дэрээр очоод “Би 11-ээс өөр номертой тоглож үзээгүй. Та мэднэ. Сэдээ ах найман номертой тоглодог шүү дээ” гэтэл “Цоожоо шигшээ багийн ахлагч Сэдээ. Тиймээс хамгийн түрүүнд номероо сонгоно. Энэ удаад би юм хэлж чадахгүй” гэж байсан юм. Ингээд өөр номертой тоглосон чинь нэг л өөр сонин санагдаж билээ. Харин дараа жил нь би өөрөө шигшээ багийн ахлагч болж, эргүүлэн авсан удаатай. Хүүхдүүд маань бас одоо 11 номер дээр өрсөлддөг гэсэн.
-Ярилцлагын үеэр та “сүүлийн лиг”-тээ гэж хэд хэдэн удаа дурдлаа. Зодог тайлах гэж байна уу гэсэн бодол төрлөө?
-Миний хувьд сүүлийнх гэж бодож байна. Манай багийнхан болж байвал сүүлийнх болгож яах гээд байгаа юм. Амжихгүй байвал зарим бэлтгэлээ өнжөөд зохицуулж болно гэсэн байр суурьтай. Харин би хагас дутуу, халтуурдсан байдалтай байгаад дэмий гэж бодоод байна.
Магадгүй тоглохоо болихоор сагсан бөмбөгөө санаж, үгүйлэх байх. Би гаргасан том шийдвэртээ харамсаад байдаг хүн биш. Энэ миний туулах ёстой зам юм байна гэж боддог.
Би Америкаас нэг зүйл бодож ирсэн. Ид үедээ тоглож чадаагүй, олон жил алдсан байна. Харин Монголд очоод өөрийнхөө хүч хөдөлмөрөөр, багтаа хамгийн сайнаараа тоглож аваргын цом өргөчихвөл гэсэн бодолтой байсан. Тэр жилийн финалын тоглолт дээр 26 удаа шидээд 19 оруулсан санагдаж байна. Сэтгэлдээ тээгээд байсан зүйлээ биелүүлж чадсандаа үнэхээр баярласан. Хэрэв лигтээ тоглоод аварга авч чадахгүй бол яана гэж айж байсан ч чадсан. Дараагийн жилүүдэд нь аваргын төлөө дахин дайралт хийх бодолтой байсан багийн боловч бэртэл гэмтлийн асуудлаас болоод чадаагүй. Магадгүй энэ жил хүссэн амжилтдаа хүрчихвэл, одоо хангалттай гээд зодог тайлна.
П.ЛХАГВАЖАРГАЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0