
НЬЮ-ЙОРК, 2025 оны гуравдугаар сарын 6. /ТАСС/. Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн /NHL/ “Вашингтон Кэпиталз” багийн ахлагч, Оросын довтлогч Александр Овечкин “Нью-Йорк Рейнжерс”-тэй талбайд нь хийсэн тоглолтын 51 дэх минутанд шайб орууллаа.
Ингэснээр түүний хувьд NHL-ийн түүхэнд хамгийн олон гоол оруулсан домогт Уэйн Гретцкигийн амжилтанд хүрэхийн тулд 9 гоол оруулах үлдлээ. У.Гретцки 1487 тоглолтод оролцохдоо нийт 894 гоол оруулсан юм.
Өдгөө 39 настай А.Овечкин энэ улиралд 46 тоглолтод оролцохдоо 32 шайб оруулж, 17 удаа оновчтой дамжуулалт хийгээд байна.
Энэ удаагийн тоглолтод вашингтончууд нэмэлт цагт 3:2 харьцаагаар “Нью-Йорк Рейнжерс” багийг хожлоо. “Вашингтон Кэпиталз” багийн Пьер-Люк Дюбуа (2 дахь минут), Овечкин (51), Том Уилсон (65) нар, нью-йоркчуудаас Артемий Панарин (14), Сэм Кэррик (29) нар шайб оруулжээ.
NHL-ийн аварга шалгаруулах тэмцээн дуусах хүртэл 20 тоглолт хийх үлдээд буй энэ үед “Вашингтон Кэпиталз” баг нийт 62 тоглолтонд 88 оноо авснаар Нийслэлийн дивизионд тэргүүлж байна. Одоо вашингтончууд 8-ны өдөр “Детройт Ред Уингз” багийг талбайдаа хүлээн авч тоглоно.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл0