sonin.mn

Хойд Америкийн хөл бөмбөгийн лигийн /MLS/ Сахилга батын хороо “Интер Майами” багийн тоглогчид болох Лионел Месси, Луис Суарес нарт мөнгөн торгууль ногдуулсан тухай лигийн цахим хуудсанд мэдээлжээ.


23-нд шилжих шөнө болсон тус лигийн аварга шалгаруулах тэмцээний эхний тойргийн тоглолтод “Интер Майами” баг “Нью-Йорк Сити”-тэй 2:2 харьцаагаар тэнцсэн байна. Месси хоёр удаа оновчтой дамжуулалт өгсөн бол түүний багийн Томас Авилес (5 дахь минут), Теласко Сеговия (90+10) нар гоол оруулжээ.


Зочин багаас хамгаалагч Митя Иленич (26), Алонсо Мартинес (55) нар гоолдсон байна. Харин 23 дахь минутанд эхний гоолын эзэн Авилес улаан хуудсаар торгуулан талбайгаас хөөгдсөн тул “Интер”-ийнхэн 10-уулаа тоглолтыг дуусгажээ.


Тоглолтын сүүлчийн шүгэл дуугарсны дараа Месси ерөнхий шүүгч Алексис да Силватай маргаж эхэлсэн тул түүнийг шар хуудсаар торгосон байна. Үүний дараа тэрбээр өрсөлдөгч багийн туслах дасгалжуулагч Мехди Балучигийн хүзүүнээс нь барьж татжээ.


Мөн тоглолтын хоёрдугаар үед “Интер”-ийн Л.Суарес “Сити”-гийн нэгэн тоглогчтой маргалдаж, хүзүүнээс нь барьж авсан байна. Өрсөлдөгчийнхөө нүүр, толгой, хүзүүнд гараараа хүрэхийг хориглосон дүрмийг зөрчсөний учир Месси, Суарес хоёрыг торгосон бөгөөд хэдий хэмжээний торгууль ногдуулсан нь тодорхойгүй байна. “Интер Майами” баг өнгөрсөн улиралд MLS лигийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн юм.  



Б.Адъяахүү