
Дэлхийн хэмжээнд боксын спортын үйл ажиллагааг зохицуулах олон улсын байгууллага бол World Boxing гэдгийг Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ түр хугацаагаар хүлээн зөвшөөрчээ. ОУОХ-ны хэвлэлийн албаны мэдэгдэлд дурдсанаар, World Boxing-ын бүрэлдэхүүнд одоогоор таван тивийг төлөөлсөн 78 боксын холбоо нэгдээд байгаа бөгөөд тус байгууллага нь боксын спортын салбарын үйл ажиллагааг удирдан чиглүүлэхэд шаардлагатай бүтцийг бий болгож, ёс зүйн дүрэм, авлигын эсрэг бодлого зэрэг баримт бичгүүдийг зохих ёсоор бүрдүүлсэн байна.
Мөн Дэлхийн сэргээшийн эсрэг дүрэмд нэгдэж, Олон улсын сэргээшийн эсрэг агентлагтай гэрээ байгуулж, Спортын арбитрын шүүхийн шүүх эрх мэдлийг хүлээн зөвшөөрчээ.
Ийнхүү World Boxing байгууллага тодорхой чиглэлүүдэд ахиц дэвшил гаргаж байгаа тул дэлхийн түвшинд боксын спортын үйл ажиллагааг зохицуулах байгууллагын хувиар түүнийг түр хугацаанд хүлээн зөвшөөрлөө гэж ОУОХ-ны мэдэгдэлд дурдсан байна.
Ташрамд дурдахад, 2023 оны зургаадугаар сард ОУОХ-ны чуулганаар Олон улсын боксын холбоог /IBA/ Олимпын хөдөлгөөнөөс хасах шийдвэрийг гаргасны дараа Парис-2024 наадмын боксын тэмцээнийг зохион байгуулах үүргийг ОУОХ өөртөө хүлээсэн юм.
IBA-гийн ерөнхийлөгчийг үүргийг 2020 оноос хойш Оросын иргэн Умар Кремлев гүйцэтгэж байгаа бөгөөд тус холбоо Орос, Беларусийн тамирчдын эсрэг хоригийг хүлээн зөвшөөрөөгүй юм. Иймээс хоёр улсын боксчид IBA-гийн тэмцээнүүдэд ямар нэгэн хязгаарлалтгүйгээр оролцож байна. Харин АНУ, Их Британи, Швед, Герман, Нидерланд зэрэг зарим улсын холбоод үүнийг эсэргүүцсэний илрэл болгож IBA-гаас гарч, шинээр World Boxing гэдэг холбоог байгуулжээ.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл0