sonin.mn

Аваргуудын лигийн тэмцээний хасагдах шатанд хоёр тоглолтын нийлбэр дүн тэнцсэн тохиолдолд нэмэлт үеэр цаг сунгадаг явдлыг цуцлах тухай асуудлыг Европын хөл бөмбөгийн холбоо /УЕФА/ хэлэлцэж байна. Энэ тухай The Guardian сонинд бичжээ. 


Нэмэлт хоёр үеийн 30 минутийг цуцалснаар шахуу хуваарийн дагуу ачаалал ихтэй тоглодог хөлбөмбөгчдөд тулгарч буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх боломжтой юм. 


Одоогийн дүрмээр, багууд хоёр тоглолтын нийлбэр дүнгээр тэнцсэн тохиолдолд тус бүр 15 минутаар нэмэлт хоёр үеийн тоглолт хийж байгаа бөгөөд нэмэлт цагт тэнцсэн тохиолдолд торгуулийн цохилтоор ялагчийг тодруулж байгаа билээ.


Харин зарим улсын цомын тэмцээний үеэр багууд тэнцсэн тохиолдолд тоглолтын 90 минут дуусангуут шууд пенальти цохиж байгаа юм.


Эл асуудлыг албан бус байдлаар хэлэлцэж байгаа бөгөөд дүрмийн аливаа өөрчлөлтийг УЕФА-гийн Гүйцэтгэх хороо батлах ёстой. Мөн телевизийн шууд дамжуулалтын одоогийн мөчлөг 2027 он хүртэл үргэлжлэх тул дүрмэнд өөрчлөлт оруулах магадлал бага байна. Хамгийн сүүлд 2021 онд Европын цомын тэмцээнүүдийн дүрэмд өөрчлөлт орж, өрсөлдөгч багийн талбайд хийсэн гоолын тоогоор ялагчийг тодруулдаг байсныг цуцалсан юм. 




Б.Адъяахүү