![sonin.mn](/storage/news_images/17388855943.jpg)
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өв соёл” буландаа “Чамин хөөрөг” урлангийн хөөрөг урлаач А.Мөнхсугарыг урилаа.
-Таны хөөрөг урлаж эхэлсэн түүхээс яриагаа эхэлье?
-Би энэ салбарт гэнэтийн хувь тавилангаар холбогдсон гэж хэлж болно. Өмнөговь аймгийн унаган хүү 2013 онд МУИС-ийг хятад хэлний орчуулагчаар төгсөөд мэргэжлээрээ гурван жил ажилласан. Харин хөөрөг урлалын салбарт үеэл ахаараа багшлуулж, хөл тавьсан. Энэ хүн бол “Их хаадын чулуу” компанийн О.Ариунболд ах юм. Тэр цагаас хойш тасралтгүй чулуугаа үрээд, амьдралынхаа нэг хэсэг болгоод явж байна. Одоо энэ мэргэжилдээ дуртай. Энэ замд хөтөлж оруулсан ахдаа баярладаг.
-Монголчуудын дунд хөөрөг, хөөрөглөх соёл хэзээнээс дэлгэрэв. Энэ тухай танилцуулбал?
-Ойролцоогоор XVIII, XIX зууны үед буюу Манжийн эрхшээлийн үед Монголд төдийгүй Азийн орнуудаар түгсэн гэдэг. Гагцхүү монголчуудын дунд хадгалагдаад үлдсэн нь сонирхолтой. Магадгүй манайд тохирсон байж болох юм. Гэхдээ энэ нь Хятад, Манжаас гаралгүй. Угтаа хөөрөг чинь тамхинаас гаралтай. Хөөрөг бол зүгээр сав нь юм.Хөөрөгний соёл гэж яриад байгаа боловч яг үнэндээ цаана нь тамхины соёл бий. Би хөөрөг урладаг хүний хувьд зав чөлөөгөөрөө энэ чиглэлийнхээ юмыг багахан уншдаг болохоос мэргэшсэн судлаач биш. Үүгээр амьдралаа залгуулж яваа хүний хувьд багахан цуглуулсан мэдээллээ хуваалцаж байна.
-Тэгвэл энэ утаагүй тамхины соёл хэрхэн дэлгэрсэн юм бол?
-Энэ нь Америк тивээс үүсэлтэй. Америк тивийн бразил уугуул иргэд ямар нэгэн ургамлын навчийг хатааж, нунтаглаад тааламжтай үнэрийг нь мэдэрдэг байв. Тэр нь цаг хугацааны явцад эрх мэдэлтэй хүмүүсийн чамирхал, ондооших хэлбэр болсон байгаа юм. Ингэхдээ үнэрлэхээс гадна зажилдаг байж. Хүмүүсийн ялгарах сэтгэлгээгээр энэ хэрэглээ нь бизнес болон хөгжсөн. Ерөнхийдөө орчин үеийн утаат тамхи шиг олон төрлийн үнэртэй болж далайгаар Японд хүрч, тив алгасан дэлгэрсэн аж. Монголчуудын дунд мөн адил ихэс дээдсийн зэрэг зиндааг тодорхойлох хэрэгсэл болж тодорхой бүлэгт хүлээн зөвшөөрөгдсөн соёл байсан. Үүх түүхийн хувьд ийм боловч эрүүл мэнд талаас нь яривал өөр хэрэг. Хүний уушгинд агаар орох ёстой байтал нунтаг зүйл ороод байхаар эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй биз дээ. Тиймээс тухайн үед энэ тамхийг хуулиар хязгаарлаж байсан гэдэг. Гэвч хүмүүс хэрэглэсээр л байж. Учир нь гоё сайхан үнэрийнхээ цаана никотин буюу донтуулагч агуулдаг. Ингээд хүмүүс донтоод өдөр тутмын хэрэглээ нь болоод ирэхээр түүнийг агуулах сав нь гоо зүйн мэдрэмж өгөх, бие биедээ гайхуулах чамирхлын нэг хэлбэр болж хөгжсөн байна.
-Хэдий үеэс чулуугаар хийж эхлэв. Одоогийн хэлбэр дүрсээ хэрхэн олсон юм бол?
-Хятадууд шилэн саванд хийж, зураг, дүрсээр чимэглэдэг байсан нь түүхийн баримт болон үлдсэн. Утаагүй тамхины хамгийн чухал зүйл нь үнэр. Тэр үнэрийг хадгалахын тулд сав нь таглаатай, сүүлдээ лонх маягтай буюу одоогийн хэлбэрээ олсон байдаг. Үнэрээ сарниулахгүйн тулд нүх нь нарийссан гэж боддог. Монгол бичгээр хөөргийг “хөхүр” гэж бичдэг нь хүртэл учиртай байх. Одоогийн хэлбэрийг хаанаас санаа авсныг мэдэхгүй ч айргийн хөхүүрийн нарийн хүзүү, их биетэй адилхан. Харин ганган чамин зүйл хэрэглэх хүслээр бат бөх хатуулаг сайтай хэр нь эмзэг энэ металлыг сонгосон болов уу. Чулууг чанга шидвэл хагарна. Ур шаардсан металл. Бусад материалыг бодоход эмзэг, хийхэд эрхэмсэг. Зэрэг зиндаагаа илэрхийлэхэд тохиромжтой. Ерөнхийдөө энэ бол миний л уншиж, харсан юм төдий.
-Хүмүүс хамрын тамхи бараг татахаа больсон ч хөөрөгний соёл байгаад байна. Энэ талаар та юу гэж бодож байна?
-Энэ чинь Хятадын музейд хадгалагддаг хуучин соёл. Гэхдээ одоо бидний дунд тамхины гэхээсээ илүү хөөрөгний соёл болж үлдсэн байна. Хэрвээ тамхийг нь татдаг байсан бол бидэнд нэн чухал хэрэгтэй соёл хэвээрээ байх байсан. Магадгүй бүр өргөн дэлгэр тархацтай. Харин орчин үед нийгмийн тодорхой хүрээнд буюу голдуу эрчүүдийн хэрэглээ болсон. Ерөнхийдөө агуулгаа гээсэн хэлбэр төдий соёл болжээ. Эмээл байгаа бол морь байх хэрэгтэй. Үүнтэй л адил. Хэлбэр төдий соёл удаан оршин тогтнохгүй. Гэхдээ шууд нэг өдөр устчихгүй.
Хүмүүс одоо хамрын тамхи татахаа больчихсон. Хальтхан үнэрлээд л өгдөг. Тэр дотор тамхи байгаа эсэх нь чухал биш. Хэлбэр төдий болж байгаа энэ соёлын асуудал үүгээр амьдралаа залгуулж байгаа хүн бүрийн асуудал юм. Орчин үед хөөрөгнөөс өөр хүнд гайхуулах, баярхах сэтгэлгээг нь орлох зүйл их болсон. Гэхдээ даган дуурайх сэтгэлгээгээр хошуурсан хэвээр байгаа болов уу.
-Энэ соёл хэрэггүй, хортой юм бол та яагаад хөөрөг хийдэг юм бэ?
-Эрэлт байгаа газар нийлүүлэлт байна. Надад ашигтай учраас би хийдэг, хөөрөг урлах ажилдаа дуртай. Гэхдээ би хүнд хэрэгтэй юм хийж амьдармаар байгаа болохоор үүнд санаа зовнидог юм. Адилхан хортой хэр нь утаат тамхи нь соёл болтлоо нийтэд дэлгэрээд утаагүй нь хэрэглээнээс гарч байна. Тэгэхээр үүнийг үлдээх нь зөв үү буруу юу гэдгийг бодъё. Өв уламжлал талаасаа манайд хэрэгтэй соёл байна гэж уриалаад, маркетинг хийгээд аваад үлдэж болно. Гэтэл хөөрөг дотор байгаа тамхи нь хэрэгцээгүй, их хэрэглэвэл хортой эд. Ингээд бодохоор хор агуулсан тамхины соёлыг үр хүүхдэдээ өвлүүлэх шаардлагагүй. Хэрэв хөөрөг дотор эрүүл мэндэд тустай эмийн ургамал байсан бол өөр хэрэг. Тэгэхээр агуулгаа гээсэн энэ соёлд гаргалгаа, шийдэл хэрэгтэй болно. Энэ соёлыг түгээж, амьдарч байгаа хүний хувьд яавал зөв, сайхнаар нутагшуулах вэ гэдэг дээр нэгийг боддог юм.
-Тэгвэл танд ямар шийдэл байна вэ?
-Туршилтын шатандаа яваа миний нэг санаа бий. Аятайхан хэлбэртэй энэ соёлын доторх агуулгыг нь өөрчлөөд, монголжуулж нутагшуулъя гэж бодлоо. Тэгээд өөрийнхөө хөөрөгт тамхины оронд ганга хийсэн. Монгол орны өргөн уудам нутагт төрөл бүрийн сайхан үнэртэй ургамал, цэцэг ургадаг. Түүнийг хатааж, нунтаглаад өөрийнхөө аргаар үнэрлэх мэдрэмжээ хуваалцаж болно. Энэ нь яагаад эрчүүдийн үнэртэн байж болохгүй гэж. Үнэр нь гоё байвал эмэгтэйчүүд хэрэглэх боломжтой. Мэдээж түүнийг хадгалах хөөрөг нь чамин ганган байдлын илэрхийлэл байсаар байна. Мөн төрсөн нутагтаа ургадаг ургамлаа хийж сайхан дурсамжаа санагалзаж болно.
Үнэр гэдэг яг тэр орчин, ахуйг нүдэнд харагдуулахуйц хүчтэй мэдрэмж төрүүлдэг зүйл. Суурин соёлд хүлэгдсэн завгүй нийгэмд байгаль, эх нутагтай сэтгэлийг нь холбох нэг арга юм. Цаашлаад хүн бүр өөрийн гэсэн үнэрийг бүтээж эсвэл нэг үнэрийг үе дамжин удамшуулж болно. Зөвхөн миний эсвэл манай ааваас уламжилсан тэр үнэрээр хүмүүс намайг таньдаг, санан дурсдаг байвал сайхан биш гэж үү. Үе дамжсан хөөргөө үнэртэй нь хамт өвлүүлнэ гэсэн үг. Хүний даган дуурайх сэтгэлгээ, түүнээс үүссэн соёлыг дагасан бизнес үргэлж байдаг. Тиймээс аажимдаа төрөл бүрийн сайхан ургамлыг дэлгүүрт зардаг болох боломжтой.
-Таниар хөөрөг урлуулдаг хүмүүс ямар зорилгоор худалдан авалт хийдэг вэ?
-Манжийн гурван чулууны бодлого гээд энэ соёлд дургүй, энэ хэрэггүй юмаар яадаг юм гэдэг хүмүүс бас байдаг. Тэр хүмүүст хөөрөг хэрэглэхгүй байх эрх нь бий. Үүнийг гоёлын нэг хэрэгсэл гээд хөнгөнөөр хүлээж ав. Та бидний хэрэглэдэг ээмэг, зүүлт шиг. Өнөө маргаашийн ахуйн хэрэгцээтэйгээ хольж болохгүй. Энэ бол сэтгэл зүйн өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ юм. Би хүмүүсийн дурсагдах, өөрийгөө илэрхийлэх, гоо зүйн хэрэгцээг нь хангадаг. Уран зурагтай бараг ялгаагүй. Хэдэн зуун жилийн өмнөх шиг хүмүүс хошуурч, моодонд орохгүй байгаа ч эрэлт, хэрэгцээ нь одоо ч байсаар байна.
Миний ажигласнаар олон хүн үүнийг “өв” гэж хардаг. Өнө удаан, урт хугацаанд өвлүүлэн уламжлуулахад тохиромжтой эд юм уу. Чулуу нь насжилтын хувьд ямар ч материалаас илүү, бат бөх, хагалж гэмтээхгүй бол анхны хэлбэрээ хадгалдгаараа олзуурхууштай. Хүмүүс “Хүүд маань үлдэх юм даа” эсвэл “Хоёр хүүдээ хоёр хөөрөг авъя. Тэрийгээ л үлдээе” гэх нь бий.
Ингэхээр өв гэдэг хүний дурсагдах хэрэгцээ юм шиг байгаа юм. Хэрэв хөрөнгө өвлүүлье гэвэл ашигтай компанийн хувьцаа ч юм уу авах болов уу. Нөгөөтэйгүүр чулууны үнэ инфляц, төгрөгийн ханш шиг өсөж, буухгүй тогтвортой хадгалагддаг. Ховор, үнэт чулуу байх тусам цаг хугацааны явцад үнэ нь өсдөг. Ингэхээр бас хөрөнгийн нэг хэлбэр байж болно. Мөн өөрийгөө болон гоо зүйн мэдрэмжээ илэрхийлэх хэрэгсэл болж байгаа юм. Тэр нь хэмжээнээсээ хэтрээд ирэхээр баярхал болчихно. Би өөрөө минималист хүн болохоор ингэж санагддаг байх. Ёс заншил гэдэг талаасаа хөдөөгийн хүмүүс их хэрэглэдэг. Хэрэглээнд оруулах орчин нөхцөл нь тэнд оршиж байна. Харин хотод цагаан сараар гэх жишээтэй. Ямар ч соёлыг маркетинг хийгээд авч үлдэж болно. Гэхдээ хүнд хэрэггүй бол цаг хугацааны эрхэнд хэрэглээнээс хоцорно. Тиймээс яаж хэрэгтэй болгох вэ гэдэг талаас нь санаа зовж, санаачилга гаргаж суугаа минь энэ. Ашгаа бодвол ийм чулуу ингэж эрүүл мэндэд чинь сайн гээд ярьж болно. Гэхдээ надад тэгэх бодол байхгүй. Таны эрүүл мэнд таны амаар орж байгаа хоол хүнснээс л хамаарна. Хөөрөгний зах зээл бидэнд болоод байгаа мэт боловч ирээдүйдээ санаа зовох хэрэгтэй. Би энэ ажилдаа дуртай, ирээдүйд 20, 30 жил хийнэ гэж боддог учраас зөв сайхнаар уламжлуулахыг зорьж байгаа минь энэ. Агуулга нь зөв болчихвол, хэлбэр загварыг нь улам гоёор хийж, хөгжүүлж чадна.
-Хөөрөгний тухай олон талаас нь сонирхолтой яриа өрнүүллээ. Энэ бүхний эцэст таны өөртөө зориулж урлах хөөрөг ямар байх бол гэдэг сонирхол татаж байна?
-Энэ барьж байгаа хөөргөө зарах гэж хийсэн ч өөртөө үлдээсэн. Хар чулуун дээр янгир сийлсэн. Учир нь хар янгир гэж байдаггүй. Янгир чинь газрын бор өнгөтэй. Хэрэв үүний оронд морь сийлсэн бол хүмүүс их сонирхох байсан байх. Гэхдээ би ямаа хариулж өссөн, энэ амьтны буянд амьдарсан учир үр хүүхдэдээ таниулж, үнэ цэнтэй зүйлээ мөнхөлж байгаа юм. Харин дараагийн өөртөө зориулж хийх хөөргөөрөө өөрийгөө бүрэн илэрхийлмээр байна. “Чамин хөөрөг” урлангийнхаа логоог би өөрөө зохиосон. Миний амьдралын замналыг илэрхийлэх энэ дүрсийг насан туршдаа барих хөөрөг дээрээ сийлнэ гэсэн бодол бий. Магадгүй хэдэн жилийн дараа, нэр алдарт хүрсэн хойно минь үнэд хүрэх байх. Би сонирхсон хүмүүст хөөрөгний сургалт ордог. Саяхан 70 гаруй настай, геологич ах ирж, долоо хоног сураад явлаа. Явахдаа “Үүргэвч үүрээд алх барьсан хүний дүрстэй хөөрөг сийлж барина” гэсэн. Ингэж л энэ соёлоо түгээж явна.
П.ЛХАГВАЖАРГАЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл7
Манж, хятадаар дамжин орж ирсэн зүйл шүү.
Энэ залуу зөв хэлсэн байна. Их хожим монголд нэвтэрсэн. Мандухай цэцэн кинонд гардаг шиг аль 14.15 зуунд тамхи, хөөрөг монголд байгаагүй болж тахрлаа
Манж Хятадаас орж ирсэн. Монголын өнгө мөнгөнд дуртай шуналтай баячууд, ноёдуудад чамирхал, үнэтэй эд юмс гэж итгүүлж хэрэглүүлж уламжлал маягийн юм болгосон эд! Уг нь бол бөөрөнхийлж өнгөлж нүхэлсэн өнгийн чулуу шүү дээ!
Ул боов, еэвэн ч манж хятад гаралтай. Харин хаа очиж бууз чинь монгол гаралтай байж магад, судлах л ёстой
Манжуудын зүгээр хэрэглээ бсан! Манайд соёл болтлоо дэлгэрсэн хог! Торго дурданд умбаад , чулуу үнэрлээд мэдрэлтээд бвал Манжиин араас л орно! Дэлхийд бараг мартагдсан эд! 100 саяад хаа ч бдаг хаш нэртэй цагаан чулуу аваад, 7 хоногийн дараа 50 саяаар зарж чадахгүй! 7 ж дараа бол бүр 10 саяаар авахгүй! Иим Эд, Өв гэж байхуу?
Uhaantai zaluu baina, bayarlalaa, amjilt
Монголоос өөр орон зай хөөрөг хэрэглэхээ байсан