sonin.mn

Лабораторид ургуулсан зүрхний эсүүдэд тулгуурлан гаргаж авсан ийм төрлийн наалт нь зүрхний агшилтыг дэмжиж, зүрхний булчинг сэргээхэд үр дүнтэй гэж судлаачид үзэж байна. 


Зүрхний дутагдал нь янз бүрийн эмгэгүүд, тэдгээрийн дотор зүрхний шигдээс, цусны даралт ихсэх, зүрхний ишеми, зүрхний булчингийн эмгэгшил, зүрхний ховдлын янз бүрийн өвчнөөс үүдэлтэй байдаг.


Эдгээр эмгэг үүссэн үед зүрх нь цусыг зөв шахаж чадахгүйд хүрэх бөгөөд энэ үед амьсгаадах, хэт ядрах, хавагнах, жин нэмэгдэх, байнга ханиалгах, зүрхний цохилт түргэсэх гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Өвчин нэн хүндэрсэн үед хиймэл амьсгал хийх гэх мэт аргуудыг хэрэглэдэг боловч эдгээр нь өвчтөнд хүндрэл үүсгэдэг. Иймээс Германы Геттинген хотын их сургуулийн эрдэмтэд зүрхэнд шууд суулгадаг биологийн наалтыг хэрэглэх шинэ аргыг боловсруулжээ. Агших чадвартай зүрхний эсүүдээс бүрдэх энэхүү наалт нь агших хөдөлгөөнийг хэсэгчлэн сэргээснээр зүрхний булчингийн үйл ажиллагааг хэвийн болгох ёстой. Судалгааны үр дүнгийн талаар Nature сэтгүүлд нийтлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүлэлд тодорхой дурдсан байна.   


Зүрхний “нөхөөс”-ийг хийхийн тулд эхлээд донор хүнээс цусны эсүүдийг аваад дараа нь тэдгээрийг плюрипотент үүдэл эсүүд болгон “дахин программчилснаар” хэд хэдэн төрлийн эс бий болно.  


Ингэснээр нэг талаас, миокардын агшилтыг хариуцсан зүрхний булчингийн эсүүдийг, нөгөөтээгүүр, бүтцийг дэмждэг холбогч эдүүдийн эсүүдийг гарган авч чадсан байна. Зүрхний ийм эд нь үзүүлэлтээрээ 8 настай хүүхдийн зүрхнийхтэй ойролцоо байгаа ажээ. Дараа нь эдгээр эсийг коллагений гель дотор хийгээд бэлэн болсон наалтыг бага инвазив мэс заслын аргаар зүрхэнд суулгана. Одоогоор хөнгөвчлөх эмчилгээ хийлгэж буй хүнд хэлбэрийн зүрхний дутагдалтай хүмүүст уг наалтыг суулгахаар төлөвлөж байна.


Эхний туршилтыг 46 настай өвчтөнд хийсэн бөгөөд үүнээс хэдэн сарын дараа уг өвчтөнд зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийсэн тул “хуучин зүрхийг” сайтар шинжлэх боломжтой болжээ. Шинжлэх явцад цусан хангамж сайжирсан, суулгасан био наалт нь зүрхний эдтэй сайтар зохицож буйг тогтоожээ. 


Өнөөдрийн байдлаар наалтыг 15 хүнд суулгаад байгаа бөгөөд дунд хугацаан дахь эмчилгээний үр дүнг тодорхойлохын тулд ажиглалт хийж байна. Наалт ямар давуу талуудтай вэ гэдэг нь мэс заслаас хойш 3-6 сарын дараа тодорхой болно гэж судлаачид ярилаа. 



Б.Адъяахүү