ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 4 /TASS/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн айлчлалын үеэр Сальвадорын эрх баригчид Америкаас албадан гаргасан цагаачид, “MS-13”, “Tren de Aragua” гэмт бүлэглэлүүдийн гишүүд, Америкийн болон гуравдагч орнуудын гэмт хэрэгтнүүдийг хүлээн авахыг зөвшөөрчээ.
Энэ тухай АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн алба даваа гарагт мэдээлсэн байна. “Бүс нутгийн байдлыг тогтворгүй болгож байгаа хууль бус цагаачдын урсгалтай тэмцэхэд чиглэсэн олон тооны гэрээ хэлэлцээрүүдийг байгууллаа.
Ерөнхийлөгч Наиб Букеле АНУ-д хууль бусаар орогнож буй Сальвадорын “MS-13” бүлэглэлийн бүх гишүүнийг эргүүлэн авахыг зөвшөөрсний сацуу Венесуэлийн “Tren de Aragua” гэмт хэргийн бүлэглэлийн гишүүд зэрэг хүчирхийлэл үйлдэж болзошгүй этгээдүүдийг, түүнчлэн гэмт хэрэгт холбогдсон бусад улсын хууль бус цагаачдыг хүлээн авч шоронд хорихоор шийдвэрлэсэн” гэж Төрийн департамент мэдэгджээ. Мөн Ерөнхийлөгч Букеле Америкаас онц аюултай гэмт хэрэгтнүүдийг хүлээн авч өөрийн улсын шоронд хорихыг санал болгосон нь ямар ч улсын санал болгож болгож байгаагүй шийдвэр юм. Түүнээс гадна, М.Рубио Сальвадорын талтай хэлэлцээ хийхдээ “Хятадын Коммунист намын нөлөөг сөрөн зогсохтой холбоотой асуудлыг” хэлэлцжээ.
АНУ-аас Сальвадор руу цагаачдыг албадан гаргах тухай хэлэлцээрийн төслийг АНУ-ын засаг захиргаа Сальвадорын эрх баригчидтай боловсруулж байгаа тухай “CBS News” суваг нэгдүгээр сарын сүүлчээр мэдээлжээ. Энэхүү хэлэлцээр нь Сальвадорын харьяат бус цагаачдыг тус улс руу албадан гаргах боломжийг олгох юм.
М.Рубио үүрэгт ажилдаа орсноос хойш анхны ажлын айлчлалаа хийж байна. Тэрбээр Панамд айлчилсныхаа дараа Сальвадорт очсон бөгөөд хоёрдугаар сарын 6-ны өдрийг хүртэл Коста-Рика, Гватемал, Доминиканд айлчилж, албаны хүмүүс болон бизнесийн төлөөлөлтэй уулзана. Энэхүү айлчлал нь хууль бус цагаачлал, гэмт хэрэг, мансууруулах бодисны хууль бус наймаатай тэмцэх, түүнчлэн Хятадын нөлөөг сөрөн зогсохын тулд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой гэж АНУ-ын Төрийн департамент мэдээлжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
2024 оны сүүлд АНУ-ын нэгэн бизнес эрхлэгч Хойд урсгалыг худалдаж авах санал дэвшүүлж байсан билээ. Тэгвэл Д.Трамп,В.Путин 2 хоёр энэ талаар тохиролцсон мэдээ байна. В.Путины хувьд Оросын байгалын хий хэвийн байдлаар Европ руу экспортлогдож байвал, гадны гараар дамжигдах нь тийм чухал биш гэж үзжээ. Герман,Франц,Итали зэрэг орнууд 2 дахь гараар дамжуулан Оросын хийг өндөр үнээр авсаар ирсэн. Трамп, Путин нар албан ёсоор тохиролцоонд хүрвэл, АНУ Европын эрчим хүчинд хяналтаа тогтоох юм байна. Энэ асуудлыг Брюссель, ЕХ-ны оролцоогүйгээр АНУ, ОХУ тохиролцож магадгүй байна.Тохиролцсон тохиолдолд АНУ Оросын газыг Европод нийлүүлэх бөгөөд, Америкийн шингэрүүлсэн хийнээс хямд үнээр экспортлох юм байна. 2025 оны 2-р сарын 23-нд Германы Бундестагийн сонгууль болох бөгөөд, хэрэв AFD нам төрийн эрх баривал, Хойд урсгалыг дахин нээнэ хэмээн амласан бөгөөд Германы ард түмэн баяртайгаар хүлээн авсан билээ.Брюссель,ЕХ нөлөөгөө алдаж, бие даан нийтээрээ нэг шийдвэр гаргадаг байсан цаг дуусаж байна