sonin.mn

Испанийн Эзэн хааны хөл бөмбөгийн холбооны / RFEF/ ерөнхийлөгч асан Луис Рубиалесийг шүүх хурал Мадридаас холгүй орших Сан-Фернандо-де-Энарес хотод даваа гарагт эхэлжээ.


Хөл бөмбөгийн эмэгтэйчүүдийн ДАШТ-нд түрүүлсэн Испанийн шигшээ багийн тамирчдад алтан медаль гардуулах ёслолын үеэр Л.Рубиалес багийн хагас хамгаалагч 47 настай Женнифер Эрмосогийн уруул дээр үнссэн нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх эрүүгийн хэрэг үүсгэхэд хүргэсэн байна.


Мөн тэрбээр “харилцан зөвшөөрсний үндсэн дээр уруул дээр үнссэн” гэх мэдэгдэл хийлгүүлэхээр Эрмосог албадсан гэх хэрэгт холбогджээ. Шүүх хурлын үеэр Ж.Эрмосо мэдүүлэхдээ, өөрийг нь үнсэхийг огт зөвшөөрөөгүй гэдгийг хэлсэн байна.


Рубиалесаас гадна эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч асан Хорхе Вильда, RFEF-ийн спортын асуудал эрхэлсэн захирал асан Альберт Луке, тус холбооны Маркетингийн хэлтсийн захирал асан Рубен Ривера нар Эрмосод дарамт үзүүлсэн гэх хэрэгт холбогдон шүүгдэж байна.


Прокуроруудын зүгээс Рубиалест 2 жил 6 сарын ял оноохыг шаардаж байгаа юм. Испанид 2 хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлсэн хүмүүс хохирлоо барагдуулсан, урьд нь шийтгүүлж байгаагүй бол хорих ялыг биеэр эдэлдэггүй байна.2023 оны 10 дугаар сард ФИФА-гийн Сахилга батын хорооны шийдвэрээр Рубиалест 3 жилийн хугацаанд хөл бөмбөгтэй холбоотой үйл ажиллагаа явуулахыг хоригложээ.


Үнсэлттэй холбоотой дуулиан


2023 оны наймдугаар сарын 20-ны өдөр ДАШТ-ний финалд Английн шигшээг ялснаар дэлхийн аварга цолыг хүртсэн Испанийн эмэгтэй хөлбөмбөгчдөд шагнал гардуулах ёслолын үеэр Л.Рубиалес шигшээ багийн ахлагч Ж.Эрмосогийн уруул дээр нь үнссэн нь хөл бөмбөгийн ертөнцөд асар их дуулиан тарьсан юм. Үүний дараа 80 гаруй хөлбөмбөгчид, тэдний дотор ДАШТ-нд оролцсон 23 тамирчин RFEF-ийн ерөнхийлөгчөөр Рубиалес ажиллаж байгаа цагт Испанийн шигшээ багт тоглохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Харин Рубиалес тамирчдаас уучлал гуйж, нэлээд эргэлзсэний эцэст 9 дүгээр сарын 10-нд огцрох өргөдлөө өгчээ.  



Б.Адъяахүү