sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 4 /CNBC/. Канадаас импортолж буй бараанд татвар ногдуулах хугацааг 30 хоногоор хойшлуулахаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай тохиролцлоо гэж Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо даваа гарагт мэдэгджээ. Д.Трамп, Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум нар Мексикийн бараанд татвар ногдуулах хугацааг нэг сараар хойшлуулна гэж мэдэгдсэний дараа Ж.Трюдо дээрх мэдэгдлийг хийсэн байна.


Мексик, Канад улсууд үхлийн аюул таригч фентанил гэдэг мансууруулах бодисыг Америк руу нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаар тохиролцсон тул нэмэлт татвар ногдуулах хугацааг хойшлуулахаар шийдвэрлэжээ.


Д.Трамп өнгөрсөн бямба гарагт Мексик, Канадын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар, Хятадаас импортолж буй бараанд нэмэлт 10 хувийн татвар ногдуулна гэж мэдэгдсэн юм. Тэрбээр мөн Канадын эрчим хүчний эх үүсвэрүүдийн импортод 10 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байв.


Ж.Трюдо бямба гарагт мэдэгдэхдээ, Д.Трампын татварын хариуд АНУ-ын 155 тэрбум долларын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулна гэдгийг сануулсан юм.


Харин тэрбээр даваа гарагт Х хуудсандаа шийдвэрийн хэрэгжилтийг түр зогсоосон тухай мэдэгдээд “миний бие дөнгөж сая Ерөнхийлөгч Трамптай утсаар ярилаа” гэж бичжээ. Түүнчлэн Канад улс “Фентанилын асуудал эрхэлсэн төлөөлөгчийг томилохоор" амласныг дурджээ. Мөн даваа гарагт Мексикийн Ерөнхийлөгч К.Шейнбаум "АНУ руу нууцаар тээвэрлэж буйг зогсоохын тулд 10 мянган цэргийг хойд хил рүүгээ яаралтай илгээнэ" гэж мэдэгдсэний дараа Мексикийн импортод татвар ногдуулах хугацааг хойшлуулжээ. АНУ-ын хил дээр хураагдсан фентанилын ихэнх хувийг Мексикээс авчирдаг байна. 2024 онд АНУ-ын хууль сахиулагчид Мексикийн хил дээр 9500 гаруй кг фентанил хураан авсан бол Канадтай залгаа хил дээр 20 орчим кг-ыг хураан авсан байна.




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг