sonin.mn

Азийн 9 дэх удаагийн наадам БНХАУ-ын Харбин хотноо нээлтээ хийхэд 4 хоног үлдлээ. 2020 оны залуучуудын өвлийн олимпын наадмын албан ёсны төрөлд багтсан Ски Маунтингийн төрөл “Харбин 2025” Азийн Өвлийн Наадамд дебютээ хийх гэж байна. Скимо буюу Ски Маунтинг нь өвлийн спортын хамгийн сонирхолтой, сорилттой спортын нэг бөгөөд уулын алхалт болон цана хоёрын хослол юм. Тамирчид хад чулуу, цас мөс, бартаа даваа ихтэй замаар уулын оргил руу мацаж улмаар уулын уруу цанатайгаа гулгаж буух нь уг спортыг улам сонирхолтой болгодог.


“Харбин 2025” Азийн наадмын Ски Маунтингийн төрөлд 10 улсын 49 тамирчин эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон холимог хосын буухиа төрөлд 3 багц медалийн төлөө өрсөлдөнө.


Тэмцээн энэ сарын 09-12-ны өдрүүдэд Харбин хотын Ябули цанын баазад зохион байгуулагдах юм. Ски Маунтинг нь хэдийгээр шинэ спортын төрөл боловч үүнтэй адил төстэй тэмцээн анх 1924 оны өвлийн олимпын наадамд багтаж байсан нь Цэргийн Эргүүл нэртэй өвлийн спортын төрөл юм. Цэргийн Эргүүл спортыг одоогийн бидний сайн мэдэх Биатлоны өмнөх үе гэж тооцогддог. Ски Маунтинг 2026 оны Милано Кортина Өвлийн олимпын наадмын үзүүлэх спортын төрөлд мөн багтаад байгаа билээ.