sonin.mn

Азийн 9 дэх удаагийн өвлийн наадам энэ сарын 7-14 нд БНХАУ-ын Харбин хотноо болно. Уг наадамд өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх, үдэн гаргах ёслол Монголын үндэсний олимпын хороонд боллоо.


Үйл ажиллагаанд Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монгол Улсын сангийн сайд, Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч, Азийн өвлийн 9 дэх удаагийн наадамд өрсөлдөх Монголын багийн ахлагч Б.Жавхлан, ССАЖЗЯ-ны сайд Ч.Номин, БТСУХ-ны дарга О.Баттулга тэргүүтэй албаны төлөөлөл, шигшээ баг тамирчид оролцов. 29 жилийн дараа хоёр дахь удаагаа Азийн өвлийн наадмыг хүлээн авч буй Харбин хотноо энэ сарын 7-ны өдөр албан ёсны нээлтийн үйл ажиллагаа болно.


Өвлийн наадам биатлон, гүйлтийн цана, кёрлинг, уулын цана, уран гулгалт, снөүборд, хоккей, тэшүүр, шорт трейк, фристайл, цанаар авирах 6 спортын 11 төрлийн 64 зай, ангилалд болох бөгөөд 34 орны 1275 тамирчин хүч сорих юм. Харин Монгол Улсын шигшээ баг тамирчид 4 спортын 7 төрөлд 35 тамирчин энэ удаагийн наадамд өрсөлдөнө.


 Ёслолын үеэр Соёл, спорт, аялал жуулчлалын хөгжлийн сайд Ч.Номин баг тамирчдад амжилт хүсч, үг хэлэхдээ:

“Монголын баг тамирчид тэшүүр, шорт трек, уулын цана, гүйлтийн цана, кёрлинг, биатлон, уран гулгалт гэсэн 4 спортын 7 төрөлд өрсөлдөхөөр бэлтгэлээ бүрэн хангаад байна. Энэ удаагийн наадмын онцлог нь Монгол Улсын тамирчид кёрлингийн төрөлд анх удаа хүч үзэх гэж байгаа явдал юм. Та бүхэн эх орныхоо нэрийг өндөрт өргөж, өөрсдийнхөө хөдөлмөр, хичээл зүтгэлийг бодитоор харуулахыг хүсье. Ямар ч үр дүн гарсан, та бүхэн эх орон, ард түмнийхээ бахархал хэвээр байх болно” гэж онцоллоо.