sonin.mn

ДАМАСК, 2025 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын дэглэмийг түлхэн унагаасан “Хаят Тахрир аль-Шам” бүлэглэлийн удирдагч Ахмед аль-Шарааг шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр албан ёсоор томилсон тухай тус улсын төрийн мэдлийн хэвлэлүүд мэдээлжээ.


Олон оронд террорист байгууллага гэгддэг тус бүлэглэл өнгөрсөн оны 12 дугаар сарын эхээр аль-Шараагийн удирдлага дор босогчдын довтолгоог удирдаж, Башар аль-Асадын дэглэмийг түлхэн унагасан юм.


Хээрийн командлагч байхдаа Абу Мохаммед аль-Жулани гэдэг нэртэй байсан Аль-Шараад шинэ Үндсэн хуулийг батлах хүртэл ажиллах хууль тогтоох түр зөвлөлийг эмхлэн байгуулах эрхийг олгосон байна.


Аль-Шарааг Ерөнхийлөгчөөр томилсныг Дамаск хотод болсон уулзалтын үеэр зарласан бөгөөд уулзалтад “Хаят Тахрир аль-Шам”-ын тэргүүлсэн босогчдын эвсэлд багтаж буй бусад зэвсэгт бүлэглэлийн командлагчид оролцжээ. 


Сирийн удирдлага мөн Асадын дэглэмийг түлхэн унагахад оролцсон бүх зэвсэгт бүлэглэл, өмнөх дэглэмийн арми, тусгай албадыг татан буулгаж байгааг мэдэгдсэн байна.  Арми, тусгай албадын оронд аюулгүй байдлыг хангах шинэ бүтцийг байгуулна гэж мэдээлсэн боловч одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг