sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. АНУ-ын Нью-Жерси муж улсаас сонгогдсон сенатч асан Боб Менендест авлига, хээл хахуулийн хэргээр 11 жилийн хорих ял оноожээ. Өнгөрсөн долоодугаар сард Тангарагтны шүүх Б.Менендесийг гадаад улсуудын засгийн газарт тусалсныхаа хариуд алтан гулдмай, бэлэн мөнгө, Мерседес Бенз автомашин зэргийг бэлгэнд авсантай холбогдуулан 16 зүйл ангиар гэм буруутай болохыг тогтоосон байна.


Прокуроруудын зүгээс сенатч асны холбогдсон гэмт хэргүүд ноцтой болохыг харгалзан хамгийн багадаа 15 жилийн ял оноохыг хүссэн байна. Харин өдгөө 71 настай Б.Менендесийн өмгөөлөгчид нийтэд тустай ажил хийлгэх замаар ялын хугацааг богиносгохыг уриалжээ. 


Б.Менендесийн хүү, Ардчилсан намаас сонгогдсон Конгрессын гишүүн Роб Менендес болон түүний охин, MSNBC телевизийн хөтлөгч Алисиа Менендес нар шүүх хурлын үеэр эцгийнхээ ард сууж байв. Лхагва гаргийн өглөө мөн Б.Менендестэй хамтран ажиллаж байсан хоёр хүнд ял оноожээ. Прокуроруудын мэдэгдсэнээр, сенатчид алт, бэлэн мөнгө өгсөн Нью-Жерсигийн үл хөдлөх хөрөнгийн магнат Фред Дайбест долоон жилийн хорих ял оноож, 1.75 сая ам.доллароор торгосон байна. Мөн Б.Менендес болон Египетийн засгийн газрын хоорондын тохиролцоонд зуучилсан египет гаралтай Америкийн бизнес эрхлэгч Уаэл Ханад найман жилийн хорих ял, 1.25 сая ам.долларын торгуулиар шийтгэжээ.


Б.Менендесийн хувьд, гэм буруутай гэдгээ удаа дараа няцааж, шүүхийн шийдвэрийг давж заалдана хэмээн мэдэгдсэн байна. Сенатын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн хороог даргалж байсан тэрбээр өнгөрсөн наймдугаар сард Сенатын гишүүнээс огцорсон юм.


Шүүх хурал есөн долоо хоногийн турш үргэлжилсэн бөгөөд Б.Менендесийн гэрээс Холбооны мөрдөх товчооны ажилтнуудын хурааж авсан 100 мянга гаруй ам.долларын үнэ бүхий алтан гулдмай, 480 мянга гаруй ам.долларын бэлэн мөнгө зэрэг бэлэг сэлт авсныг нотлох баримтаар тогтоосны дараа шүүгчид дээрх шийдвэрийг гаргасан байна.


Прокуроруудын мэдэгдсэнээр, Б.Менендес хахууль авсныхаа хариуд Египетэд АНУ-аас олон сая ам.долларын тусламж үзүүлэхэд нөлөөлжээ. Харин түүний өмгөөлөгчид "бэлэг бол хээл хахуулийн ангилалд хамаарахгүй" гэж үзээд,  Б.Менендес авлигын хариуд ямар үйлдэл хийснийг прокурорууд тогтоож чадаагүй гэж мэдэгдсэн байна.


Мөн шүүгдэгч Хана, Дайбес нартай холбоотой эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтад нөлөөлөхийг оролдсон хэргээр Менендест ял оноожээ. Энэ хэрэгт холбогдсон гурав дахь бизнес эрхлэгч болох Хосе Урибе гэм буруугаа хүлээсэн бөгөөд энэ оны сүүлчээр түүнд ял оноох төлөвтэй байна. Тэрбээр шүүх хурлын үеэр Б.Менендесийн эсрэг мэдүүлэг өгчээ. Б.Менендесийн эхнэр Надин Менендесийг мөн дээр дурдсан гурван хүн болон Египетийн албаны хүмүүсийн хооронд зурвас илгээх, хахууль өгөх замаар авлигын сүлжээнд оролцсон гэж буруутгаж байна. Тэрбээр хөхний хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаа тул шүүх хурал ирэх гуравдугаар сард болно. Тэрбээр өөрийгөө гэм буруугүй хэмээн үзэж байна. 




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг