sonin.mn

РОМ, 2025 оны нэгдүгээр сарын 29 /DW/. Ливийн цэргийн командлагчийг сулласан хэрэгт холбогдуулан өөрийг нь мөрдөн шалгаж байгаа талаар Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони мягмар гарагт мэдэгджээ.


Оссама аль-Масри гэгддэг Оссама Анжиемийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр Олон улсын эрүүгийн шүүхээс баривчлах тушаал гаргасны дагуу энэ сарын эхээр Турин хотод саатуулсан байна.


Ливийн нийслэл Триполи хотын ойролцоох цагдан хорих төвийн дарга байсан О.Аль-Масриг хүн амины хэрэг, хүчингийн хэрэг, эрүүдэн шүүсэн хэрэгт оролцсон хэмээн буруутгаж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт түүнийг хуулийн заалтын дагуу суллаж, Италийн төрийн мэдлийн нисэх онгоцоор нутаг буцаасан байна. Харин Олон улсын эрүүгийн шүүхийн зүгээс суллах шийдвэрийн талаар зөвлөлдөөгүй хэмээн Италийн эрх баригчдаас тайлбар шаарджээ.


Мягмар гарагт Ж.Мелони нийгмийн сүлжэний хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, өөрийг нь гэмт хэрэгтэнд тусалсан, төсвийн мөнгийг зориулалтын бусаар ашигласан хэргээр шалгаж байгаа гэжээ. “Намайг айлган сүрдүүлж чадахгүй, би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тэрбээр Facebook хуудсандаа нийтэлсэн байна.


Түүнчлэн Хууль зүйн сайд Карло Нордио, Дотоод хэргийн сайд Маттео Пиантедоси, Засгийн газрын тагнуулын асуудал эрхэлсэн дэд нарийн бичгийн дарга Альфредо Мантовано нарыг мөн шалгаж байгаа гэдгийг тэрбээр нэмж хэлжээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг