БЕЛГРАД, 2025 оны нэгдүгээр сарын 29 /svoboda.org/. Сербид оюутнуудын жагсаал үргэлжилж буй энэ үед тус улсын Ерөнхий сайд Милош Вучевич албан тушаалаасаа огцорч буйгаа мягмар гарагт мэдэгджээ.
“Өнөө өглөө би Ерөнхийлөгчтэй удаан ярилцлаа. Тэрбээр миний огцрох шийдвэрийг хүлээн авсан" гэж М.Вучевич хэлжээ. Тэрбээр Сербид хоёр сар гаруй үргэлжилж буй олон нийтийн эсэргүүцлийн жагсаалыг "гаднаас зохион байгуулсан" гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.
Нови-Сад хотын төмөр замын буудлын бетонон саравч нурсны улмаас 15 хүн амиа алдсаны дараа Сербид олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал дэгджээ. Оюутнуудын жагсаалыг сөрөг хүчний идэвхтнүүд, иргэний нийгмийн төлөөлөгчид дэмжиж байна. Жагсагчид авлига хээл хахуулийн улмаас уг буудлын засварыг чанаргүй гүйцэтгэсэн гэж мэдэгдэн эмгэнэлт явдалд эрх баригчдыг буруутгаж байгаа юм.
Эхэндээ жагсагчид хэрэг явдлыг ил тодоор мөрдөн шалгахыг шаардаж байсан боловч эрх баригчид шаардлагыг нь хүлээж аваагүй тул улс төрийн шаардлагуудыг тавьж эхэлсэн байна. Тухайлбал, шилжилтийн Засгийн газар байгуулж, парламентын ээлжит бус сонгууль явуулахыг шаарджээ.
Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич даваа гарагт Вучевич болон парламентын дарга Ана Брнабич нартай хамтран хэвлэлийн бага хурал хийх үеэрээ жагсагчдад хандан яриа хэлэлцээ хийхийг уриалжээ. Тэрбээр мөн жагсаалын үеэр баривчлагдсан хүмүүст өршөөл үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, оюутнууд, багш нарын биед халдсан этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдэгджээ. Төмөр замын буудалд хийсэн засварын ажлын баримт бичгүүдийг аль хэдийн олон нийтэд ил болгосон гэдгийг Вучич мөн хэлсэн байна. Тэрбээр өмнө нь "улс орны байдлыг тогтворгүй болгохын тулд гадаадын хүчинтэй хамтран ажиллаж байна" гэж жагсагчдыг буруутгаж байжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Дайныг дэмжигч гэсэн үү?
Сербүүд ямар ч байсан Оросын талд л орно л доо !