sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 29 /CNN/. Америкийн “Boom Supersonic” компани дуунаас хурдан нисэх онгоцоор нислэг үйлдэж туршсан нь дуунаас хурдан аяллын хувьд түүхэн үйл явдал боллоо. 


Дэлхийн хамгийн хурдан нисэх онгоцыг зохион бүтээх зорилт тавиад буй тус компанийн онгоц Калифорни муж улсын Мохаве цөлд хийсэн туршилтын нислэгийн явцад дууны саадыг анх удаа давжээ.


XB-1 загварын нисэх онгоцны нислэг нь тус компанийн бие даан зохион бүтээсэн тийрэлтэт онгоц дууны саадыг давж хурдалсан анхны тохиолдол болж байна. 2024 оны гуравдугаар сард анх хөөрснөөсөө хойш 12 удаа амжилттай нислэг хийсэн XB-1 нисэх онгоц бол “Boom” компанийн дуунаас хурдан арилжааны онгоц болох “Overture”-ийн эхлэл юм.


XB-1 нь хамгийн сүүлд Мохавегийн Агаар, сансрын боомтоос хөөрөхдөө 1947 онд домогт нисгэгч Чак Йегер анх удаа дууны саадыг эвдэж байсан түүхэн агаарын орон зайд оржээ.


“Boom”-ын ахлах туршин нисгэгч Тристан Бранденбургийн жолоодсон уг онгоц туршилтын нислэг эхэлснээс хойш 12 минутын дараа 10 мянга гаруй м-ийн өндөрт 1.122 Мах /1207 км/цаг/ хурдалсан нь дууны хурднаас 10 орчим хувиар давжээ.




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг