sonin.mn

КИНШАСА, 2025 оны нэгдүгээр сарын 28 /DW/. Бүслэгдсэн Гома хотын ойролцоох Руанда болон Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын хилийг даваа гарагт хаасан гэж Европын Консулын газрын эх сурвалж болон тухайн үйл явдлыг харсан хүмүүс мэдээлжээ. M23 бүлэглэлийн босогчид болон Руандагийн цэргүүд Конго улсын зүүн бүсийн нийслэл рүү нэвтэрснээс хойш хэдхэн цагийн дараа ийнхүү мэдээлсэн байна.


Руанда улс M23-ын босогчдыг дэмждэг гэж НҮБ мэдээлсэн боловч Руандагийн тал үүнийг няцаажээ. “Хил хаагдсан” гэж Консулын газрын эх сурвалж Франс-Пресс агентлагт мэдээлсэн байна. 


Мөн хоёр улсын хилийн гол боомтын тусламжийн ажилтны хэлснээр, өнөө өглөө нүүлгэн шилжүүлсэн НҮБ-ын цөөн хэдэн ажилтан, тэдний ар гэрийнхнээс өөр хэн ч хилээр орж гарах боломжгүй байгаа ажээ. Босогчид мөн Гома хотын нисэх онгоцны буудлыг хааж, төрийн мэдлийн радио станцыг эзэлжээ. НҮБ-ын тусгай төлөөлөгч Бинтоу Кейта ням гаргийн орой НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн яаралтай хуралдаан дээр хэлэхдээ, нисэх онгоцны буудал, замуудыг хаасан тул бид гацаад байна гэжээ. Даваа гаргийн өглөө Гома дахь томоохон шоронгоос олон мянган хоригдол оргосон гэх мэдээлэл байна. Оршин суугчид дүрвэж буй энэ үед дээрэм тонуул гарч, үе үе буун дуу сонсогдож байгаа гэнэ.


Конго улсын зарим цэргийн алба хаагч M23-ын тулган шаардах бичгийн дагуу НҮБ-ын энхийг сахиулах хүчинд бууж өгсөн бол зарим нь завиар Киву нуурыг гатлан ​​Букаву хот руу зугтжээ. Мөн Румын, Болгарын хөлсний цэргүүдийн ихэнх нь эцсийн мөчид Гомаг орхисон байна. 


Тэдний зарим нь НҮБ-ын төлөөлөгчийн газарт зэвсгээ хүлээлгэн өгчээ. М23-ын босогчид одоо цэргүүд байгаа эсэхийг нягтлахын тулд байшин, зочид буудлуудыг шалгаж байгаа юм байна. Гомад хүнсний үнэ мөн огцом өсжээ. Тус хот дахь хүний ​​эрхийн төлөө тэмцэгч Пасси Мубалама саяхан сомбе хэмээх нэртэй нэг боодол навчит ногоог худалдан авахын тулд 1000 конго франк /ойролцоогоор 0.35 евро, 0.36 ам.доллар/ төлсөн гэж мэдээлсэн байна. Өмнө нь ийм хэмжээний ногоо авахад хэдхэн цент төлдөг байжээ. Дайны үед хүнсээ нөөцлөх зайлшгүй шаардлагатай боловч ийм өндөр үнээр хүмүүс хүнс авах боломжгүй байна гэж П.Мубалама хэлжээ. Мөн буудалцаан хэр удаан үргэлжлэхийг хэн ч мэдэхгүй байгаа ийм нөхцөлд хэн ч зах руу явж хоол хүнс авч чадахгүй байна.


Түүнчлэн цахилгаан дамжуулах гол шугамууд эвдэрч сүйдсэний улмаас Гомаг харанхуй нөмөрчээ. Генератортой, дизель түлш авах боломжтой хүмүүс л цахилгаан хангамжтай байгаа ажээ.


Нэгдүгээр сараас хойш дайны улмаас 400 мянган хүн тосгодоосоо дүрвэжээ. Умард Киву мужийн хүн амын тэн хагас орчим нь одоо өөр айлд эсвэл түр хоргодох байрнуудад амьдарч байна. Хөрш зэргэлдээх Руанда улсаас дэмжлэг авдаг босогчдын M23 бүлэглэл нь олон арван жил үргэлжилсэн мөргөлдөөний үеэр ашигт малтмалаар баялаг бүс нутгийг эзлэн авахаар тулалдаж буй 100 орчим зэвсэгт бүлэглэлийн нэг юм. Конго улсын Засгийн газар болон НҮБ-ын шинжээчдийн мэдээлснээр, босогчид 2012 онд Гома хотыг түр эзлэн авч, 2021 оны сүүлчээр дахин үзэгдэх болсон бөгөөд үүнд Руандагийн дэмжлэг нөлөөлсөн байна. Харин Руандагийн тал үүнийг няцаасаар иржээ. Сүүлийн үед зэвсэгт мөргөлдөөн ширүүсч байгаа нь дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн хямралд нэрвэгдээд буй тус бүс нутгийн нөхцөл байдлыг улам тогтворгүй болгож болзошгүйг шинжээчид анхааруулсаар байна.




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг