sonin.mn

БРЮССЕЛЬ, 2025 оны нэгдүгээр сарын 28 /DW/. Европын Холбооны /ЕХ/ Гадаад хэргийн сайд нар даваа гарагт Брюссель хотод уулзах үеэрээ ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг дахин сунгахаар тохиролцжээ. Энэ тухай ЕХ-ны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого эрхэлсэн дээд төлөөлөгч Кая Каллас мэдээлсэн байна. 


"ЕХ-ны Гадаад хэргийн сайд нар Орост тавьсан хоригийг дахин сунгахаар дөнгөж сая тохиролцлоо. Ингэснээр дайныг санхүүжүүлэхийн тулд олж буй Москвагийн орлогыг хаасаар байх болно. Оросын тал учруулсан хохирлоо төлөх ёстой" гэж К.Каллас олон нийтийн X сүлжээнд бичжээ.


ЕХ-ноос Орост тавьсан хоригийг дахин зургаан сараар сунгах эсэх нь Унгар улс уг шийдвэрт хориг тавина гэж мэдэгдсэнтэй холбоотойгоор тодорхойгүй байсан юм. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан хоригийг сунгах асуудлыг Украинаар дамждаг Оросын хийн тээврийг сэргээхтэй холбож байв.


Украины хийн хоолойгоор дамжуулан Европт хий нийлүүлэх асуудлаар Киевтэй хэлэлцээгээ үргэлжлүүлнэ, Унгар, Словак улсуудыг уг хэлэлцээрт оролцуулахад бэлэн байна гэж Европын Комисс уулзалтын өмнөхөн мэдэгджээ. 


"Унгар улс хүссэн эрчим хүчний аюулгүй байдлын баталгаагаа авлаа. Европын Комисс ЕХ-ны гишүүн орнууд руу чиглэсэн байгалийн хий, газрын тос дамжуулах хоолойг хамгаалах үүрэг амлалтаа үргэлжлүүлэн биелүүлнэ" гэж Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сийярто фэйсбүүк хуудсандаа бичсэн байна.  



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг