ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 27 /BBC/. Албадан гаргасан цагаачдыг тээвэрлэж явсан цэргийн хоёр нисэх онгоцыг Колумбийн тал хүлээж авахаас татгалзсаны хариуд тус улсаас импортолж буй бүх бараанд 25 хувийн татвар ногдуулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Ням гарагт Колумбийн Ерөнхийлөгч Густаво Петро хууль бус цагаачдыг тээвэрлэж ирсэн цэргийн тээврийн нисэх онгоцуудыг хүлээж авахаас татгалзаж байгаагаа мэдэгдсэн байна. Д.Трампын мэдэгдлийн хариуд тэрбээр Америкаас импортолж буй бараанд мөн ижил татвар ногдуулна гэж мэдэгджээ. Колумбийн хувьд АНУ бол гадаад худалдааны гол түнш юм.
Цэргийн хоёр онгоц ням гарагт Калифорниа муж улсын Сан-Диего хотоос Колумби руу хөөрсөн боловч “үүсээд буй нөхцөл байдлын улмаас” зорьсон газартаа бууж чадаагүй гэж АНУ-ын албаны хүмүүс "CBS News" сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Колумбийн бүх бараанд 25 хувийн татвар ногдуулах шийдвэрийг нэн даруй хэрэгжүүлж, долоо хоногийн дараа 50 хувьд хүргэж нэмэгдүүлнэ гэж Д.Трамп өөрийн “Truth Social” олон нийтийн сүлжээнд бичсэн байна. Татвар ногдуулахаас гадна “Колумбийн төрийн байгууллагуудын төлөөлөгчид, "түүнчлэн намын гишүүд, тэдний гэр бүлийн гишүүд, Колумбийн засгийн газрыг дэмжигчдийн визийг хүчингүй болгож, АНУ-д нэвтрэхийг хориглоно" гэж мэдэгджээ. Д.Трамп аль “нам”-ыг хэлж байгаагаа тодорхой дурдаагүй байна. Тэрбээр Ерөнхийлөгч Петрогийн зүүний үзэл баримтлалтай "Humane Colombia" намыг хэлсэн бололтой. Колумбийн засгийн газрыг Ерөнхийлөгч нь эмхлэн байгуулж, тэргүүлдэг.
Ерөнхийлөгч Густаво Петро цэргийн тээврийн онгоцыг хүлээн авахаас татгалзаж байгаагаа мэдэгдээд, албадан гаргасан хүмүүсийг авчрахын тулд өөрийн онгоцыг илгээхийг санал болгосны сацуу Колумби улс иргэдээ гэмт хэрэгтэн гэж үздэггүй тул иргэний тээврийн нисэх онгоцоор хүлээн авах болно гэжээ.
Тэрбээр мөн мэдэгдэхдээ, Колумбид “АНУ-аас ирсэн 15666 гаруй хууль бус цагаач байгаа боловч Трампын засаг захиргаанаас ялгаатай нь гэвэл, тэднийг хэзээ ч баривчилж саатуулахгүй” гэж мэдэгдсэн байна. Колумби улс АНУ-ын кофены импортын 20 орчим хувийг нийлүүлдэг бөгөөд энэ нь жилдээ 2 тэрбум ам.доллароор үнэлэгдэнэ. Түүнчлэн газрын тос, гадил, авокадо жимс, цэцэг болон бусад бараа бүтээгдэхүүнийг АНУ руу экспортолдог. Зүүний үзэлтэй улстөрч болох Петро Д.Трампт дургүй гэдгээрээ алдартай. Цагаачдын асуудлаарх зөрчилдөөн нь түүний дургүйцлээ илэрхийлэх бас нэг шалтаг болж байна гэж Америкийн хэвлэлүүдэд бичжээ.
Тэрбээр Д.Трампыг колумбичуудыг дорд үзэж, сувдаг сэтгэлийнхээ улмаас /уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхээс татгалзсанаараа/ хүн төрөлхтнийг мөхөөхөд бэлэн байна гэж буруутгаад, Д.Трампад няцаалт өгөхөд бэлэн байна хэмээн мэдэгдсэн байна.
Хууль бус цагаачлалтай тэмцэхийн тулд АНУ-ын эрх баригчид Латин Америкийн хөршүүдтэйгээ, ялангуяа Колумби улстай сайн харилцаатай байх ёстой. Төрийн нарийн бичгийн даргын орлогчийн албан тушаалд томилогдсон Кристофер Ландау саяхан энэ тухай ярихдаа, цагаачлалын урсгалыг хязгаарлах чиглэлээр бусад улстай хамтран ажиллах нь АНУ-ын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байх болно гэжээ. Зөвхөн Латин Америк гэлтгүй дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн арван мянган цагаач АНУ-ын өмнөд хилээр нэвтэрдэг. Цагаачид Колумби зэрэг Латин Америкийн орнуудад онгоцоор ирснийхээ дараа Америкийн хил рүү газраар явдаг бол хууль бус цагаачдыг тээвэрлэх ажлыг ихэвчлэн орон нутгийн гэмт хэргийн бүлэглэлүүд гүйцэтгэдэг. Д.Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хууль бус цагаачдыг нутаг буцаана гэж мэдэгдэж байсан бөгөөд ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орсон эхний өдрөө цагаачидтай холбоотой хэд хэдэн зарлигт гарын үсэг зурсан юм. Эдгээр зарлигийн зарим нь хууль бус цагаачдыг баривчлах, цагдан хорих Цагаачлал, гаалийн хяналтын албаны (ICE) эрх мэдлийг өргөжүүлэхтэй холбоотой ажээ. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Левиттийн мэдээлснээр, нэгдүгээр сарын 23-ны өдөр л гэхэд 538 хууль бус цагаачийг баривчилсан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Латин америкийн орнуудын эрх баригчид хар тамхины мафийн бүлэглэлүүдийн толгойлогчдыг баривчилж цаазаар ав, авилгалчдаа баривчилж цаазаар ав, ард түмнээ ядуурлаас гаргаж, улс орноо хөгжүүлчихээд хуцах хэрэгтэй.