sonin.mn

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэрээр: “Жил бүр хэсэг бүлэг уяачид хаврын морин уралдааныг сэргээхийг шаардсан жагсаал, тэмцэл, гомдол санал гаргадаг. Өнгөрсөн амралтын өдөр болсон морьтой жагсаалын үеэр өв соёлоо авч үлдэе, тусгаар тогтнол, уламжлалаа авч үлдэцгээе гэх мэтээр ярьж байсан.



Би хаврын морин уралдаан бол Монголын уламжлалт өв соёл биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Үүнийг Архивын ерөнхий Газрын баримтаар, мөн шүүхээс тогтоосон. Хаврын морин уралдааныг 2004 оноос хойш л зохион байгуулж эхэлсэн юм.


Үүнийг бид өв соёл гэж андуурдаг болсон нь улс төрчидтэй холбоотой. Уяачид улс төрд маш их нөлөөтэй.Энэ уралдааныг 2004, 2005 оноос Засгийн Газрын шийдвэрээр зохион байгуулдаг болсон, яагаад гэвэл Засгийн Газрын тогтоолоор зохион байгуулагдсан уралдаанд л уяачдад цол өгдөг юм. УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнөхөн уяачид гэх мөнгөтэй хүмүүс манай намынханд хандаж, “Та нар сонгуульд ялъя гэж бодож байвал, хөдөөгийнхний саналыг авья гэж бодож байвал хаврын морин уралдааныг сэргээ” гэж ярьж байсан. Уяачид саяхан Ерөнхий Сайд, Шадар сайд С.Амарсайхан нарт хаврын морин уралдааныг сэргээх хүсэлт өгсөн. Би бол үүнийг зөвшөөрөх ёсгүй гэж бодож байна. Миний санал бол хаврын уралдааныг богино зайнд насанд хүрэгчдээр унуулж болно. Өв соёлоо алдагдуулж буй хүмүүс нь ямар нэг гадныхан биш өөрсдөө. Малдаа мориор биш мотоциклээр явдаг болсон шүү дээ. ” гэсэн юм.


Н.Отгон