Испанийн аварга шалгаруулах тэмцээний 20 дугаар тойрогт “Реал Мадрид” баг өөрийн талбайд “Лас-Пальмас” багийг 4:1 харьцаагаар хожлоо. "Сантьяго Бернабеу" цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтод Килиан Мбаппе дубль хийж, 18 дахь /11 м-ийн торгуулийн цохилтоор/ ба 36 дахь минутанд гоол оруулсан бол бусад гоолыг Браим Диас (33), Родриго (57) нар хийсэн байна.
Тоглолтын явцад VAR системээр бичлэгийг дахин нягталсны дараа “Реал”-ын гурван гоолыг хүчингүй болгожээ. 64 дэх минутанд Бенито Рамирес улаан хуудас талбайгаас хөөгдсөнөөр “Лас-Пальмас” баг арвуулаа тоглолтыг дуусгасан байна. Тус багийн цорын ганц гоолыг Фабиу Силва оруулжээ.
Тоглолтын 76 дахь минутанд “Реал”-ын хамгаалагч, Австрийн хөлбөмбөгчин Давид Алаба 2023 оны 12 дугаар сараас хойш анх удаагаа талбайд гарч ирэв. Түүний зүүн өвдөгний чагтан холбоос урагдсан тул өнгөрсөн хугацаанд хоёр удаа мэс засалд орсон бөгөөд энэ сарын эхээр бэлтгэлдээ гарчээ. Карло Анчелоттигийн дасгалжуулж буй “Реал” баг Ла Лигад гурав дараалан хожсоноор тэмцээний хүснэгтийг 46 оноотойгоор тэргүүлж эхэллээ. Удаад нь “Атлетико” баг 44 оноотойгоор бичигдэж байна. Дараагийн тойрогт реалчууд “Вальядолид багтай талбайд нь тоглоно.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл1
Өвөл зунаа ч ялгахгүй тэмцээн явуулаад жилжингээ бөмбөг хөөгөөд гүйж байдаг хөлбөмбөгчид ба клубууд гэж балай хүмүүс шүү ! Бурхан эднийг яалаа гэж ингэж шийтгэсэн юм бол до !