Олон улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ ерөнхийлөгч Жанни Инфантино АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамптай уулзжээ. Уулзалтын үеэр тэд энэ онд АНУ-д болох клубүүдийн ДАШТ, 2026 онд болох ДАШТ-тэй холбоотой асуудлуудыг хэлэлцсэн байна. Шинэчлэгдсэн дүрмээр явагдах клубүүдийн ДАШТ энэ оны 6 дугаар сарын 15-наас 7 дугаар сарын 13-нд болох бол 2026 оны шигшээ багуудын ДАШТ АНУ, Канад, Мексик гэсэн гурван улсад болно.
“Тангараг өргөхийнх нь өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай Флоридад уулзаж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа, ФИФА-г дэмжиж, цаг зав гаргасан явдалд ноён Ерөнхийлөгчид баярлалаа” гэж Ж.Инфантино Инстаграмм хуудсандаа бичжээ.
Тэрбээр цааш нь дурдахдаа “Дональд Трампын хувьд, ФИФА болон ойрын 18 сарын дотор болох хоёр том тэмцээнийг маш ихээр дэмждэг. Энэ зун клубүүдийн ДАШТ-ийг зохион байгуулж, дэлхий дахинд үүд хаалгаа нээх гэж буй Колумбиа тойргийн Вашингтон хэмээх түүхт хотод ирэх бүртээ би үргэлж баяртай байдаг. Америк орон дэлхий дахиныг угтан мэндчилж, хөл бөмбөг дэлхийг нэгтгэж байна” гэжээ. Д.Трампын тангараг өргөх ёслол Вашингтон хотноо нэгдүгээр сарын 20-ны өдөр болно. Энэ үеэр тус хотод хүйтрэх тул ёслолыг Капитолын дугуй танхимд хийх бололтой.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл0