sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 17 /Reuters/. Суданы зэвсэгт хүчний командлагч Абдель Фаттах аль-Бурханы эсрэг хориг арга хэмжээ авахаар шийдвэрлэснээ АНУ пүрэв гарагт мэдэгджээ. Дэлхийд хамгийн том дүрвэгсдийн хямралыг үүсгэсэн мөргөлдөөний үеэр хүмүүнлэгийн тусламжийг хаан боогдуулж, сургууль, зах, эмнэлэг рүү халдсан хэрэгт Суданы армийн удирдагчийг буруутгасан байна.


"А.Бурхан хэлэлцээ хийх, хурцадмал байдлыг намжаахын оронд тулааныг зогсоох олон улсын энхийн хэлэлцээнд оролцохоос татгалзсан” гэж АНУ-ын Сангийн яамны мэдэгдэлд дурджээ.


Үүний хариуд Суданы армиас хамааралтай Гадаад хэргийн яам мэдэгдэхдээ, уг хориг арга хэмжээг “ёс суртахуунгүй”, “шударга ёс, ил тод байдлын үндэслэлгүй” хэмээн тодорхойлсон байна. А.Бурхан хоморголон устгах хуйвалдаанаас Суданы ард түмнийг хамгаалж байна гэж тус яам мэдэгдээд, алдаатай шийдвэрийг төвийг сахисан хэмээн зөвтгөх боломжгүй гэсэн байна. Энэ талаар мэдээлэл бүхий хоёр эх сурвалж Ройтерс агентлагт пүрэв гарагт мэдээлэхдээ, хориг арга хэмжээний нэг зорилго нь АНУ сөргөлдөгч хүчнүүдийн аль нэг талд орохгүй байгааг харуулах явдал гэжээ. А.Бурханы эсрэг хориг арга хэмжээ авах шийдвэрийг түүний өрсөлдөгч, Шуурхай хариу арга хэмжээ авах хүчнийг /RSF/ удирддаг Мохамед Хамдан Дагало-д хориг тавьснаас хойш ердөө долоо хоногийн дараа гаргажээ. Америкийн эрх баригчид М.Дагало болон RSF-ийг Суданы Дарфур мужид “геноцид” үйлдсэн гэж буруутгасан байна


АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаасаа удахгүй буух гэж буй Энтони Блинкен мэдэгдэхдээ, эдгээр хориг арга хэмжээ нь ирээдүйн амгалан тайван Судан орныг удирдахад хэн нь ч тохирохгүй гэсэн Америкийн байр суурийг нотлон харуулж байна гэжээ. 


Судан улс 2023 оны дөрөвдүгээр сараас хойш дайны хөлд нэрвэгдэж, зэвсэгт мөргөлдөөний улмаас олон арван мянган хүн амиа алдаж, 12 сая гаруй хүн дүрвэж, олон зуун мянган хүн өлсгөлөнд нэрвэгдсэн байна. НҮБ-ын дэмжлэгтэй Хүнсний аюулгүй байдлын санаачилгын мэдээллээр, 24.6 сая гаруй хүн буюу Суданы хүн амын тал орчим хувь нь хүнсний аюулгүй байдалтай холбоотой томоохон эрсдэлд ороод байна.




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг