sonin.mn

“1990–Цагаан морин жил”-ээс хойш Монголд ямар нийгэм байгуулж байгаа билээ. Нийгэм-эдийн засгийн ямар формац руу бид шилжсэн бэ? Энэ асуултад монголчууд бид зөв хариулт олж хэлтэл их ч зам тууллаа. Өөрсдөө ч мэддэггүй, ертөнц ч мэддэггүй. Эрхбиш авилгажсан ардчилал (хуучин СССР, хөгжиж буй ертөнц, Африкийн орнуудад үзэгддэг) байх нь байна, сонгуулиа хийчихэж байна, иргэний дайнгүйгээр засгийн эрхээ шилжүүлж чадаж байна. Цаашаанаа юу байна? Эдийн засаг нь ямар юм? Зах зээлийн эдийн засаг сонгодог утгаараа байхгүй, бий болгох чиг рүү явж байна. Гэвч эдийн засаг нь солонгорч өгдөггүй, хувийн хэвшил батжидаггүй, жижиг дунд үйлдвэр хөгждөггүй, хөгжмөөр аядсан дүр зураг харагдана. Зах дэлгүүр, лангуу хөгжсөнийг нь хөгжил гэхэд тун хэцүү. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг бас хөгжил гэхэд хангалтгүй. “1990–Цагаан морин жил”-ээс хойш Монголыг нураах аюулын өмнө авчирсан нийгмийн бодлого НОЙЛ зааж байна. Ядуурал хүн амынхаа 30% хавьцаа, буулгаж чаддаггүй, өсгөчихгүй тогтоон барьж байх шиг. Ажилгүйдэл, ажил хийхийг хүсэхгүй явдал маш өндөр хувьтай. Нийгмийн халамжийн бодлогоор Монгол дэлхийд цойлно. Үр дүн паг. Ямар ч атугай зэрлэг капитализм байна. Төрийн хатуу хяналттай эдийн засаг сураггүй. Зааг үе, шилжилтийн үе гэсгээд гадаадын тэргүүн туршлага руу өнгийж харъя.


Сонгодог жишээ сургамжийг би Сингапур хэмээн нэрлэдэг. Сурталчилдаг. Монголд “Монгол Ли Куан Ю” хэрэгтэй хэмээн уриалдаг нэгэн билээ. Иймд тэр улсаас будаа идэх мэдээллээс хөрвүүлж буулгая. Ли Куан Ю нь 1980-аад оны үед “Хатуу чанд хяналттай капитализм” гэгч онолоо гаргаж тавьж байжээ. “Энэрэнгүй нийгэм”, “үнэгүй эрүүл мэндийн үйлчилгээ”, “цахилгаан эрчим хүч, нийтийн тээврийн үнийг хямдруулна” гэхчлэн амны зоргоор хамаа намаагүй үг шидэлцэж байсан сөрөг хүчнээ шууд үгүйсгэж, тэдний эсрэг, нийгэмдээ хатуу чанга нударгыг сөргүүлж тавьжээ. Түүний бүтээсэн босгосон бүхнийг тэр “энэрэнгүй нийгэм”, “үнэгүй үйлчилгээ” нь нураачихна гэхээс тэрээр ихэд болгоомжилж хэлсэн үгс байна:

 

-Энэ бүх зардлыг хэн нуруун дээрээ үүрэх юм? Баялгийг хэн бүтээдэг билээ? Эргэн тойронд байгаа энэ барилгуудыг хар. Хөрөнгийн зах зээлийг хар. Үсрэнгүй хөгжиж байгаа биз дээ? Тэгвэл энэ бүхнийг хэрхэн үгүй хийх аргыг хэлээд өгье. Өлсгөлөн ходоодтой, өлөн нүдтэй хүмүүс хүчтэй үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтвортой байдлыг ганхуулахад л хангалттай. Нураад унана гэжээ.

 

“Энэрэнгүй нийгэм”, “үнэгүй үйлчилгээ” нь нураачихна гэхээс тэрээр ихэд болгоомжилж байжээ гэснийг өнөөгийн Монгол руугаа татаж авчран “Өлсгөлөн ходоодтой, өлөн нүдтэй хүн ам угтсан юм чинь албадаж ажиллуулахгүй яадаг юм” гэсэн түүний бас нэг афоризмыг манай улс төрчдөд цээжлүүлмээрсэн.


Манай Төр-засаг ажиллуулж биш, халамжилж өлсгөлөн ходоод, өлөн нүдийг нь өөд нь татах гэж их зовж байна. Тэр улсын сонгодог жишээ сургамжийг дараахи байдлаар тоймлон жагсаая. Гадаадын хөрөнгө оруулалт дотор нь бий. Тэр тухай залгуулаад өгүүлнэ.и Юуны өмнө хүчтэй засаглал, үр дүнтэй бодлого, ядуу гэж өрөвдөхгүйгээр бүх иргэддээ хатуу шаардлага тавьж, хариуцлага тооцож ажилладаг туршлага. Засгийн газар нь урт хугацааны туршид хөгжил, тогтвортой байдал, авлига багатай эдийн засгийн оновчтой бодлого хэрэгжүүлсэн. Сингапурын дэд бүтэц, боловсролд нэгэн зэрэг хийсэн хөрөнгө оруулалт, мөн гадны хөрөнгө оруулалт татахад таатай, тогтвортой орчинг бүрдүүлсэн зэрэг прагматик бодлогыг онцолж болно. Чадварлаг хүний нөөцтэй, тогтвортой бодлоготой, газар зүйн хувьд стратегийн байршилтай улсад хөрөнгө оруулалт хийхийг хүсэхгүй гадаадын компани байхгүй гэтэл нь нийгмээ бэлтгэсэн. Гадны капиталыг татаж, өөрт хэрэгтэй хөрөнгө оруулалт болгож чадсан улс орон л хөгждөг гэдэг туршлагыг нь би хэлж байна.


Боловсрол ба ажиллах хүчний хөгжлийг зэрэг хангасан. Бараг тултал нь хангаж гадаадын хөрөнгө оруулалт ба олон улсын хамтын ажиллагаанд бэлтгэсэн. Боловсролд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, өндөр ур чадвартай, өрсөлдөх чадвартай боловсон хүчнээр улсаа хангасан. Техникийн ур чадвар, инновацыг нэн тэргүүнд тавьсан ба их сургуулиудын болон мэргэжлийн сургалтын хөтөлбөрүүд нь салбарынхаа хэрэгцээ шаардлагад яг нийцдэг.


Энэ бүхнийг иргэн бүрээ англи хэлтэй болгосноор эхлүүлсэн. Нийгэм тогтвортой, Төрийн бодлого тогтвортой, ард түмэн сахилга баттай байх нь бизнес хийхэд ээлтэй орчинг бүрдүүлэх гол нөхцөл. Аж ахуйн нэгжийн бага татвар, оновчтой зохицуулалт, оюуны өмчийн хүчтэй хамгаалалт нь дэлхийн ямар ч улсаас ямар ч компани очоод үйл ажиллагаа явуулах бизнесийн тийм таатай орчинг нь бүрдүүлж чадсан. Ингээд үндэстэн дамнасан корпорацууд болон стартапуудын аль алиныг нь татаж чадсан. Ингэснээр шинэ ажлын байрууд буй болж, хөдөлмөрийн үнэлэмж дээшлэн, Сингапурын эдийн засагт нь томхон дэвшил авчирчээ. Технологийн инновац ба дэд бүтэц ямар чухал вэ гэдгийг энэ улс дэлхийд нотлон харуулжээ. Технологи, инновацыг хөгжлийнхөө тулгын чулуу гэж үздэг. Тэгсний ачаар Сингапур нь нийтийн тээвэр, ухаалаг хотын санаачилга, хүчирхэг дижитал эдийн засаг зэрэг хамгийн орчин үеийн дэд бүтцээрээ дэлхийд алдаршсан, финтек, биотехнологи зэрэг салбартаа тэргүүлэгч болсон. Бас нэгэн эшлэл байна:–Гадаадын хөрөнгө оруулагчид аэрпортод газардаад л хот руу орно. Хотын ногоон орчны дэргэдүүр явахдаа үйлчилгээ, аж ахуй ямар байгааг хардаг. Тэд хот руу ороод ногоон зүлэг, бут, мод зэргийг харна. Тэдэнд энэ улсад засаг захиргаа нь ажиллаж чаддаг, сайн тогтолцоотой юм байна гэдгийг харуулах ёстой. Тэгэхгүй бол тэд зүгээр л яваад өгнө гэжээ. 


Ли Куан Ю энэ тухай бүр маш деталчлан бичжээ. Тэрээр Лондонгоос анх Сингапурт ирэхэд маш заваан орчин угтжээ. Ямар газар, ямар байшинд амьдарч байсан гэж бодно гэж ирээд өнгөрснөө муулжээ. Далайн түрлэгээр үхсэн гахай, нохой, сэг зэм, хог хаягдал байшин руу нь урсаад ороод ирнэ. Бороо ормогц Сингапур гол хог хаягдал, өтгөн шингэнээр дүүрнэ. 


Яг өнөөгийн Улаанбаатар юм биш үү? Гэр хорооллоо нэг харчих даа. Энгийн юм шиг мөртлөө маш чухал сануулга биш гэж үү? Манайтай харьцуулаад үз. Хөрөнгө оруулна, хамтран ажиллана гэсэн гадаадын эрхэм Чингис хаан аэрпортоос Улаанбаатарын төвд зочид буудалдаа хүртэл хэдэн цаг зам дээр түгжрэх вэ? Өвлийн цагт энэ их утаа униар, дээрээс нь улс төрчид, мэргэжилтнүүдийнх нь мэдлэггүй пээдгэр яриа шууд л зугтаалгамаар. Гадаадын хөрөнгө оруулагчдад итгэгдэх ба татан дуудах гэдгийг Ли Куан Ю төрийн хар хайрцагны бодлогоор бий болгож хэвшүүлсэн ба өвлүүлсэн. Эхлээд тогтвортой бүтээлч төр-засгийг байгуулж, Сингапурын санхүүгийн орчинг үндсээр нь өөрчилж чадсан, санхүүгийн системийг чөлөөлснөөр өрсөлдөөнийг дэмжиж, гадаадын банкны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн, ингэснээрээ дотоодын банкууд нь шинэчлэгдэж, орчин үеийн түвшинд хүрсэн ба үүний ачаар өнөөдөр Сингапур нь дэлхийн хэмжээний санхүүгийн тэргүүлэгч төвүүдийн нэг болсон ажээ. 


Төгсгөл дүгнэлт. “Азийн Швейцарь” гэгддэг Сингапурт гадаадын хөрөнгө оруулах 7 үндсэн шалтгааныг судлаачид, эдийн засагчид нэрлэдэг. Манайд бас л том сургамж болог ээ! Улс оронд гэмт хэрэг, авилга, хар тамхи байхгүй байх. Гэмт хэрэгт хатуу шийтгэл оноодог байх. Амьдралын чанар маш өндөр, иргэд нь эрүүл саруул, ядууралгүй, дундаж байх ёстой. Экологи нь маш зөв, цэвэр ариун байх ёстой. Хүн амарч зугаацах орчин чухал. Энэ тухай ярих гээгүй. Энэ бол бэлтгэл гэсэн үг. Нийгмээ бэлтгэсэн бай гэдэг нь энэ болно.


Харин 7 шалтгаан гэдэг нь:


1.Эдийн засгийн тогтвортой байдал. Эдийн засгийн байнгын өсөлт. Гадаад өргүй. Глобал ба бүс нутгийн санхүү-эдийн засгийн хямралд өртөж байгаагүй. 


2.Хөрөнгө оруулалтын ба бизнесийн таатай орчин ба уур амьсгал. Хөрөнгө оруулалтын потенциалаараа дэлхийд эхний байрт ордог. Өөртөө үл хөдлөх ба бизнес-проектуудад хөрөнгө оруулалт татдаг. Гэхдээ тэр үйл ажиллагаа нь аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан. Сингапурын хууль тогтоомж нь гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг маш сайн, бүр дээд зэргээр тусгаж тооцсоноороо онцлог.


3.Татварын найрсаг бодлого. Компанийн орлогын 17%-ийг татварт авдаг нэгдсэн татвартай. Гадаад дотоод бүх компанид адил үйлчилнэ. Гэхдээ шинэ ба аргагүй тооцож үзэх компаниудыг татвараас бүрэн ба хэсэгчлэн чөлөөлөх схемтэй.


4Хоёрдмол давхар татвар байхгүй. Давхар татвараас зайлсхийх хэлэлцээрийг 71 улстай байгуулан мөрдөж байна. 


5.Газар зүйн ашигтай байршил. Сингапур бол дэлхий дэх томхон боомтын нэг. Зүүн өмнөд Азийн яг зүрхэнд байрлана. Бүс нутаг нь хамгийн хурдтай хөгжиж буй эдийн засгуудын төв болж байна. Сингапур нь Ази ба Америк, Ази ба Европын хооронд санхүүгийн өвөрмөц баталгаа гарант болж байна.


6.Визийн хөнгөлөлт ба виз олгох хүнд сурталгүй, байнга оршин суух эрх хялбар олгодог давуу талууд. Ялангуяа энэ давуу тал нь хөрөнгө оруулагчдад маш том боломж болдог. Гэр бүлээрээ орших суухад ч хялбар. Гадаадын иргэдэд үзүүлэх эрүүл мэнд, аюулаас хамгаалах үйлчилгээ, хүүхдийн сургууль гээд цаашаа явж өгнө. 


7.Сингапурын аюулгүй байдал. Дэлхийн хамгийн аюул осолгүй топ гурван улсын нэг нь. Иймд даян дэлхийн аль өнгөтэй өөдтэй, мөнгөтэй хүмүүсийг Сингапур даллан дуудаж байна даа.


 

Д.Баярхүү