Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат нар өнөөдөр /2025.01.16/ Монголбанкинд ажиллаж, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдэд Улсын Их Хурлын тогтоолыг уншиж танилцууллаа.
Улсын Их Хурлын /2025.01.16/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнээр Намсрайн Батнасан, Раднаасэдийн Даваадорж, Батбаатарын Мөнхзаяа, Бямбажавын Энх-Амгалан нарыг томилсон. Мөн Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргад Нинжбатын Ууганбаатар, Хяналтын зөвлөлийн гишүүнээр Сугарын Лхагвадорж, Гэрэлтийн Тэлмэн, Тунсагийн Тэлмэн, Ундраагийн Хосжаргал, Данзанбалжирын Энхжаргал, Гомбын Эрдэнэбаяр нарыг тус тус томилсон билээ.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Улсын Их Хурлын тогтоолыг уншиж танилцуулахдаа, өнгөрсөн 30 жилийн хугацаанд Улсын Их Хурлын хуулийн биелэлтэд хяналт тавих онцгой бүрэн эрхэд тулгамдаж байсан асуудлыг шийдвэрлэх, хууль, эрх зүйн орчныг шинэчлэх чиглэлээр 2020 онд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг баталсан. Үүний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинэчлэн баталж, Улсын Их Хурлын эрхлэх асуудлын харьяаны байгууллагын удирдах ажилтан томилохдоо олон нийтийн дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, ил тод сонсголоор хэлэлцэн баталсныг онцлов. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо, Хяналтын зөвлөл нь шинээр томилогдсон баг бүрэлдэхүүн болж байгаа тул манай улсын банкны салбарт шинэчлэл авчирч, салбарын цаашдын хөгжилд эергээр нөлөөлөх хөгжлийн хүч болж чадна гэдэгт итгэлтэй байна хэмээн Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж онцолж, ажлын амжилт хүслээ.
Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, холбогдох хууль, тогтоолын дагуу зарласан нээлттэй сонгон шалгаруулалтын дүнд үндэслэн томилогдсон Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд нь холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн шаардлагыг бүрэн хангасан, багш, эрдэмтэн, судлаач нараас бүрдэж буйг онцоллоо.
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо нь бодлогын шийдвэр гаргах, үйл ажиллагааны бие даасан, нээлттэй хариуцлагатай байдлыг хангах, Төв банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэдэг. Харин Монголбанкны Хяналтын зөвлөл нь төв банкны зөвлөл, дотоод хяналт болон хяналт шалгалтын үйл ажиллагаатай танилцах, тодорхой гүйлгээнд шалгалт хийх, аудит хийлгэх санал гаргах зэрэг холбогдох хуулийн дагуу ажилладаг юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл0