Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг өнөөдөр (2025.01.15) хүлээн авч уулзлаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаатай ОХУ-тай өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэн, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Улсын Их Хурлын зүгээс үргэлжлүүлэн бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков ардчилсан Үндсэн хуулиа баталсан 33 жилийн ойн баярын мэндийг УИХ-ын даргад дэвшүүллээ. Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нарын түвшинд хийсэн яриа хэлэлцээ болон Засгийн газрын хоорондын тохиролцоог хэрэгжүүлэхэд УИХ-ын зүгээс анхаарч ажиллаж байгаад талархал илэрхийлэв.
Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламентад залуу болон эмэгтэй гишүүд олон байгаа нь цаашид хоёр орны залуучууд, эмэгтэйчүүдийн харилцаа холбоог бэхжүүлэх өргөн боломжтойг онцлов.
Талууд Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Дум, парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар харилцан санал солилцлоо
Сэтгэгдэл0