ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 15 /DW/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Арменийн Гадаад хэргийн сайд Арарат Мирзоян нар хоёр улсын хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай баримт бичигт Вашингтон хотноо мягмар гарагт гарын үсэг зуржээ. Ингэснээр хоёр талын хамтын ажиллагааг дөрвөн үндсэн чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх үндэс суурийг тавьж байна.
Тодруулбал, эдийн засаг, аюулгүй байдал, батлан хамгаалах, ардчилсан өөрчлөлт шинэчлэл гэсэн чиглэлүүдэд хоёр талын түншлэл өргөжин тэлнэ. Түүнчлэн хоёр улсын иргэдийн хоорондын харилцаа холбоог өргөжүүлэх замаар хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэж Э.Блинкен гарын үсэг зурах ёслолын үеэр мэдэгдсэн байна.
Хоёр тал мөн шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагаа, тэр дундаа цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах тухайд хамтран ажиллах боломжийг нээж буй "123 хэлэлцээр"-ийг байгуулах хэлэлцээг удахгүй хийж эхлэх ажээ. Арменийн аюулгүй байдлыг бэхжүүлэх хүрээнд Америкийн гааль, хилийн албаны төлөөлөгчид энэ оны хоёрдугаар сард тус улсад айлчлах бол цэргийн хамтын ажиллагаа “Бүргэдийн түнш” хамтарсан сургуулилалтаар үргэлжилнэ. Түүнчлэн Армени улс терроризмтой тэмцэх олон улсын эвсэлд 88 дахь гишүүнээр элсэн нэгдэнэ.
Арменийн Гадаад хэргийн сайд Арарат Мирзоян мэдэгдэхдээ, хоёр талын харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрч ахиж байгаа нь нийтлэг үнэт зүйл, ашиг сонирхолд суурилсан харилцааны жам ёсны хөгжил гэжээ.
Тэрбээр Армени улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг АНУ дэмжихийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Хариуд нь Э.Блинкен хоёр улсын харилцааны шинэ хэлбэр нь Өмнөд Кавказыг бүхэлд нь тогтвортой байлгахад тус дөхөм болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Аомени Оросоос холдсон нь дээр
Путин энэ тухай мэдээд ухаан алдаж унаад удаж байж сэхсэн байна