sonin.mn

БРЮССЕЛЬ, 2025 оны нэгдүгээр сарын 15 /BBC/. Балтын тэнгисийн ёроолоор тавьсан кабелийг хамгаалах зорилгоор “Baltic Sentry” /Балтын харуул/ ажиллагааг НАТО-гийн гишүүн орнууд явуулж эхэлжээ. Умард Атлантын эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттегийн мэдээлснээр, Балтын тэнгист явуулж буй эргүүлийн ажиллагаанд цэргийн хөлөг онгоц, нисэх онгоц, дронуудыг нэмж илгээх ажээ. 


Тэрбээр Хельсинкид мягмар гарагт болсон дээд хэмжээний уулзалтын үеэр ийнхүү мэдэгдсэн байна. Мягмар гарагт Дани, Герман, Латви, Литва, Польш, Финланд, Швед, Эстони гэсэн Балтын тэнгисийн эргийн дагуу орших НАТО-гийн гишүүн найман улсын удирдагчид уулзжээ. 


Оросын цэргүүд Украин руу довтолсны дараа олон жилийн турш төвийг сахих бодлого баримталж ирсэн Финланд, Швед улсууд НАТО-д элссэн билээ. Энэ үйл явдлын дараахан олон улсын тоймчид "Балтын тэнгис НАТО-гийн нуур болж хувирлаа" хэмээн бичиж байв. Сүүлийн хоёр жилд Балтын тэнгис нь Оросын газрын тос, байгалын хийн бүтээгдэхүүнийг экспортлох гол зам болсон юм. Нэг баррель нь 60 ам.доллароос хэтрээгүй тохиолдолд Оросын газрын тосыг тээвэрлэхийг Барууны орнууд хөлөг онгоц эзэмшигчид ба даатгалын компаниудад зөвшөөрсөн байна. Харин Оросын тал хязгаарлалтын энэ арга хэмжээг тойрч гарахын тулд Украиныг дэмждэг улс орнуудаас гадуур бүртгэлтэй, даатгалд хамрагдсан хөлөг онгоцуудаас бүрдсэн "сүүдрийн флот"-ыг ашиглаж байгаа юм.


НАТО-гийн орнуудын эрх баригчид мөн усан доорх кабелийг эвдэн сүйтгэх ажиллагаа явуулах гэх зэргээр Балтын тэнгист “гибрид дайн” явуулж байна хэмээн Оросыг сэжиглэж байгаа ажээ. Хорлон сүйтгэх ажиллагаанд эдгээр болон бусад аргаар оролцсон гэж буруутгаж буйг Оросын тал үгүйсгэсээр байгаа юм.


Орос, НАТО-гийн харилцаанд үүссэн хурцадмал байдал Оросын тал 2022 онд Украинд довтолсноос хойш улам даамжирсаар байна. Рюттегийн хэлснээр, өнгөрсөн онд кабель гэмтсэний дараа НАТО-гийн командлалд "санаа зовох ноцтой шалтгаан" бий болжээ. Цаашид бид ийм үйлдлийн хариуд илүү хатуу хариу арга хэмжээ авна гэж Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдсэн байна. Тухайлбал, эргүүлийнхэн сэжигтэй хөлөг онгоцыг урьдынхаас олон удаа зогсоож, шалгаж, шаардлагатай бол саатуулах ажээ.


Тэрбээр яг хэдэн хөлөг онгоц, нисэх онгоц, бие бүрэлдэхүүнийг эргүүлийн ажиллагаанд хамруулахыг хэлээгүй бөгөөд эдгээр тоо байнга өөрчлөгдөнө, "дайсан одоогийнхоос илүү ухаалаг болохыг хүсэхгүй байна" гэжээ. 


Усан доорх дэд бүтэц нь эрчим хүчний хангамж төдийгүй харилцаа холбооны хувьд маш чухал юм. Рюттегийн хэлснээр, интернэтийн бүх урсгалын 95 гаруй хувь нь 1.3 сая км урт кабелиар дамждаг байна. Кабель шугам тасралтгүй ажилласны дүнд өдөр бүр ойролцоогоор 10 их наяд ам.долларын санхүүгийн гүйлгээ хийгддэг. Тиймээс "чухал дэд бүтэц, бидэнд үнэ цэнтэй бүх зүйлийн аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай бүхнийг хийх болно" гэжээ. Сүүлийн саруудад Балтын тэнгисийн усан доорх дэд бүтцэд гэмтэл учруулах тохиолдол хэд хэдэн удаа гарчээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш гэхэд, кабелийн шугам гэмтсэн тохиолдол гурван удаа гарчээ. Эхнийх нь Швед, Литвийг холбосон кабелийн шугам, дараа нь Германаас Финландыг чиглэсэн өөр нэг кабель, хамгийн сүүлд буюу 12 дугаар сарын сүүлчээр Финланд, Эстони хоёрыг холбосон хэд хэдэн кабель гэмтсэн байна. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг