sonin.mn

Сүүлийн үед Монголын Хөлбөмбөгийн Холбооны үйл ажиллагааг шүүмжилсэн мэдээллүүд, санаатайгаар мушгин гуйвуулсан, илтэд гүтгэсэн, ташаа мэдээллүүд эрчимжиж эхэллээ. Энэхүү мэдээллүүдийг Монголын Хөлбөмбөгийн холбооны Техникийн хэлтэст ажиллаж байгаа болон ажиллаж байсан нэр бүхий хүмүүс болон, спортын хөтлөгч, тайлбарлагч Б.Батзаяа нар нь энэхүү үймээнийг зориуд гаргаж, зохион байгуулж байгаад харамсч байна.


Үүний нэгэн жишээ бол “Монголын Хөлбөмбөгийн Холбоо нь төслөөр орж ирсэн 1 сая орчим ам.доллар орж ирчихээд байхад төслөө хэрэгжүүлээгүйн дээр энэхүү мөнгөний зарцуулалт нь тодорхойгүй байна” гэсэн утга бүхий гүтгэлгийг гарган ирэх болов.


Монголын Хөлбөмбөгийн Холбооны дансанд энэхүү мөнгө орж ирээгүй нь үнэн болно. Олон Улсын Хөлбөмбөгийн холбооноос дэлхийн орнуудын хөлбөмбөгийн хөгжлийг дэмжих зорилгоор "FIFA Forward Development Programme" хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөлбөмбөгийн холбоонд 2023-2026 онд хэрэгжүүлэх төслийн хамтын ажиллагааны гэрээг 2023 оны зургадугаар сарын 09-ний өдрийн Зөвлөлийн тогтоолын дагуу байгуулсан. Ингээд “Бүсийн төвүүдийг хөгжүүлэх” төслийг дээрх хугацаанд хэрэгжүүлэхээр гэрээнд тусгасан.


Харин тус гэрээнд, хөтлөгч Б.Батзаяа болон бусад этгээдийн олон нийтэд өгч байгаа мэдээлэлд дурьдаж байгаа шиг мөнгөн дүн огт байхгүй бөгөөд энэ нь хэлцлийн шатандаа явж буйг дахин хэлэх нь зүйтэй.


Ийнхүү дөнгөж гэрээ, хэлцлийн түвшиндээ яваа төслийг “Мөнгө нь хэдийнэ орж ирснийг шамшигдуулсан” мэтээр худал мэдээллийг удаа дараагаар түгээж буй спортын хөтлөгч Б.Батзаяа нарыг “Илэрхий худал мэдээлэл тарааж гүтгэсэн” гэх үндэслэлээр Монголын Хөлбөмбөгийн Холбооны удирдлагуудын зүгээс хуулийн байгууллагад хандахаар болсныг мэдэгдье.


Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч М.Болд,

Ерөнхий Нарийн бичгийн дарга Т.Дагвадорж