sonin.mn

ЙЕРУСАЛИМ, 2025 оны нэгдүгээр сарын 14 /CNN/. Катарын нийслэл Доха хотноо хэлэлцээ хийж буй төлөөлөгчдийн эцэслэн боловсруулж байгаа гал зогсоох хэлэлцээрийн эхний шатанд ХАМАС бүлэглэлийнхэн барьцаанд байгаа 33 хүнийг суллана гэж Израилын хоёр төлөөлөгч мэдэгджээ. Барьцааны 33 хүний ​​ихэнх нь эсэн мэнд байгаа гэж Израилын тал үзэж байгаа тухай тус улсын өндөр албан тушаалтан даваа гарагт сэтгүүлчдэд хэлжээ. Гэхдээ 42 хоног үргэлжлэх гал зогсоох хэлэлцээрийн үеэр суллагдах хүмүүсийн дунд амь үрэгдэгсдийн цогцос байх магадлалтай. 


Израилын Засгийн газрын мэдээллээр, ХАМАС болон түүний холбоотнууд 2023 оны 10 дугаар сарын 7-ны халдлагын үеэр Израилаас барьцаалагдсан 94 хүний 34 нь амь үрэгджээ.


Израилын өндөр албан тушаалтны хэлснээр, талууд тохиролцоонд хүрэхэд тун ойртоод байгаа бөгөөд хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа Израилын тал нэн даруй хэрэгжүүлэхэд бэлэн байгаа ажээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден даваа гарагт гадаад бодлогын талаар хэлсэн үгэндээ “АНУ хэлэлцээрийг байгуулахыг хатуу шахаж байна” гэж хэлжээ. “Энэхүү гэрээ нь барьцаанд байгаа хүмүүсийг суллаж, байлдааны ажиллагааг зогсоож, Израилын аюулгүй байдлыг хангаж, ХАМАС-ын өдөөсөн дайнд асар хохирол амссан палестинчуудад үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх боломжийг бидэнд олгоно” гэж Ж.Байден ярьсан байна. Хэлэлцээний талаар мэдээлэл бүхий дипломатч ярихдаа, аливаа асуудлыг эцэслэн шийдвэрлэхийн тулд хийж буй яриа хэлэлцээний эцсийн үе шат мягмар гарагт Дохад болно гэлээ. Мөн өдөр барьцаанд байгаа зарим хүний ар гэрийнхнийг Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай хийх уулзалтад урьсан гэж Барьцаалагдсан болон сураггүй болсон хүмүүсийн гэр бүлийн форумаас мэдээлжээ.


Палестины баривчлагдсан болон хоригдож байсан хүмүүсийн асуудал эрхэлсэн комиссын дарга Кадура Фарес даваа гарагт CNN-д мэдээлэл өгөх үеэрээ, “хэлэлцээр хэрэгжсэн тохиолдолд” суллагдах хоригдлуудын жагсаалтын талаар зөвлөгөө өгөхөөр Доха руу явж байна гэж хэлсэн байна.


Барьцаалагдсан 33 хүнийг суллах нь хэлэлцээрийн эхний үе шат бөгөөд дайныг зогсоох зорилготой хоёр дахь үе шатны талаарх хэлэлцээ нь хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойших 16 дахь өдөр эхлэх ажээ. Хамгийн сүүлд гаргасан саналын дагуу Израилын цэргүүд хэлэлцээрийн эхний үе шатанд Филадельфийн коридор буюу Египет-Газын хилийн нарийн зурвасын дагуу байрлах болно гэж албаны хүмүүс мэдэгджээ. Өмнө нь уг коридорын дагуу Израилын цэргүүд байсан нь өнгөрсөн есдүгээр сард болсон хэлэлцээ үр дүнгүй болоход нөлөөлж байв. Израилын тал мөн Газын зурваст Израилтай хиллэдэг хилийн дагуу хамгаалалтын бүсийг хэвээр үлдээнэ гэж албаны хүн хэлсэн боловч тус бүс хэр өргөн болохыг дурдаагүй байна. Энэ нь хэлэлцээний үеэр маргаан үүсгэж буй бас нэгэн асуудал юм. ХАМАС-ын төлөөлөгч CNN-д өмнө нь ярьснаар бол, хамгаалалтын бүсийг 10 дугаар сарын 7-ноос өмнөх хилийн шугамаас 300-500 м зайд ухраахыг хүсэж байгаа бол Израилын тал 2000 м байлгахыг шаардаж байгаа ажээ.


Ням гаргийн орой Израилын тагнуулын “Моссад” агентлагийн дарга Дэвид Барнеа Катарын нийслэл Доха хотод зуучлагчидтай уулзах үеэр хэлэлцээнд томоохон ахиц дэвшил гарсан гэж Израилын өндөр албан тушаалтан даваа гарагт сэтгүүлчдэд хэлжээ.


“Хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахээр хэлэлцээ хийж байна. Энэ үйл явц яг хэдэн цаг эсвэл хэдэн өдөр үргэлжлэхийг хэлэх боломжгүй” гэж тэрбээр хэлжээ. Мөн Израилын тал гэрээг нэн даруй хэрэгжүүлэхэд бэлэн байгаа боловч хэлэлцээрийг эхлээд Онц байдлын засгийн газар батлах ёстой. Засгийн газар ч мөн гэрээг эсэргүүцэгчдэд Дээд шүүхэд өргөдөл гаргах хугацаа олгох ёстой. Арабын нэгэн төлөөлөгч хэлэлцээний талаар хэлэхдээ, бид гэрээ байгуулахад урьд хожид байгаагүйгээр ойртоод байна, гэхдээ Доха дахь зуучлагчид хоёр талын албан ёсны хариуг хүлээсээр байна гэжээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг