sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 14 /VOA/. АНУ -ын зуучлалаар Газын зурваст гал зогсоох хэлэлцээр байгуулахад ойрхон байна гэж Ерөнхийлөгч Жо Байден "Америкийг хүчирхэгжүүлж, дэлхийг манлайлуулах" талаар өөрийн засаг захиргааны хийсэн ажлыг тайлагнах үеэрээ хэллээ. 


Тэрбээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трампад эрх мэдлийг шилжүүлэн өгөхөөс долоо хоногийн өмнө Төрийн департаментын дипломат ажилтнуудад хандан үг хэлэхдээ, түүний засаг захиргаа Оросын түрэмгийллийн эсрэг Украиныг, мөн Ойрх Дорнод дахь дайнд Израилыг дэмжиж байгааг онцолжээ.



Мөн түүний засаг захиргаа Газад гал зогсоох, барьцаалагдсан хүмүүсийг суллах талаар яаралтай тохиролцоонд хүрэхийг эрмэлзэж байгаа гэдгийг мэдэгдсэн байна.  Ж.Байден хэлэхдээ, АНУ "дэлхийг хамарсан глобал өрсөлдөөнд ялж" байгаа бөгөөд эдийн засгийн хувьд Хятадад гүйцэгдэхгүй, мөн тус улсын шууд оролцоогүй дайнд Орос, Ираны хүч суларч байгаа гэдгийг дурджээ.  Хятад, Иран, Умард Солонгос, Орос зэрэг авторитар дэглэмтэй улсуудын харилцаа илүү нягт болсныг Ж.Байден хүлээн зөвшөөрсний сацуу энэхүү үйл явц нь тэдгээр улсын хүч чадал гэхээсээ илүү сул дорой байдалтай холбоотой гэж онцолжээ.


Украины тал АНУ-ын дэмжлэгтэйгээр Украиныг дэлхийн газрын зурагнаас арчих гэсэн Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний зорилгыг таслан зогсоосон хэмээн Ж.Байден мэдэгджээ.


“Путин Украин руу довтлох шийдвэрийг гаргахдаа Киевийг хэдхэн хоногийн дотор эзэлнэ гэж төлөвлөж байсан. Гэтэл дайн эхэлснээс хойш Киевт тэр биш би л байсан” гэж Ж.Байден хэлжээ. Тэрбээр мөн АНУ-ын цэргийг Афганистанаас гаргах шийдвэрээ зөвтгөж, энэ мөргөлдөөнд АНУ-ыг дахин арван жилээр оролцуулах нь Хятад, Орос зэрэг өрсөлдөгчдийг баярлуулах байсан гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Ж.Байден хэлэхдээ "намайг үүрэгт ажилдаа орох үед шинжээчид Хятад улс АНУ-ыг эдийн засгаар гарцаагүй ардаа орхино гэж таамаглаж байсан. Одоо бол ийм зүйл хэзээ ч болохгүй, АНУ-ын эдийн засаг урагшилж байгаа ч хийх ажил их байна" гэв.


"Бүү төөрөгдөөрэй, АНУ-ын өмнө шийдвэрлэх ёстой ноцтой сорилтууд бий" гэж Ж.Байден хэлээд Украин, Ойрх Дорнод, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн талаар дурджээ. Түүний засаг захиргаа дараагийн засаг захиргаанд "маш хүчтэй хөзөр үлдээж байгааг" тэрбээр нэмж дурдсан байна. 


Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен өчигдөр CBS телевизээр үг хэлэхдээ, Ж.Байдены засаг захиргаа дараагийн засаг захиргаанд "Украинд ч бай, өөр хаана ч гэсэн" хамгийн ашигтай байр суурийг үлдээхээр ажиллаж байна гэж мэдэгджээ.  Ж.Байдены үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан мөн Д.Трампын засаг захиргаанд хандан Хятад, Умард Солонгос зэрэг өрсөлдөгчдөө сөрөн зогсохын тулд Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь холбоотон болон түнш орнуудтайгаа харилцаагаа бэхжүүлэх Байдены бодлогыг үргэлжлүүлэхийг уриалсан байна. 




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг