sonin.mn

НУУК, 2025 оны нэгдүгээр сарын 14 /BBC/. Гренландын тал АНУ-тай батлан ​​хамгаалах, уул уурхайн нөөцийг судлах чиглэлээр илүү нягт хамтран ажиллах хүсэлтэй байна гэж Гренландын Ерөнхий сайд Муте Эгеде даваа гарагт мэдэгджээ. Түүний хэлснээр, Гренландын засгийн газар АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамптай хамтран ажиллах арга замыг эрэлхийлж байгаа ажээ. Д.Трамп уг нутаг дэвсгэрийг хяналтандаа авах сонирхолтой байгаагаа сүүлийн хэдэн долоо хоногт дахин илэрхийлсэн бөгөөд ингэхдээ цэрэг, эдийн засгийн хүч хэрэглэхийг үгүйсгээгүй байна.


Мөн даваа гарагт Данийн Гадаад хэргийн сайд хэлэхдээ, Арктик дахь “Америкийн хууль ёсны ашиг сонирхлыг” хангахын тулд Д.Трамптай “яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх” талаар Гренландтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгджээ.


Данийн харьяан дахь өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренланд нь Хойд Америкаас Европ руу хүрэх хамгийн дөт замд оршдогоороо АНУ-ын хувьд стратегийн чухал ач холбогдолтой юм. Тус аралд Америкийн сансрын томоохон байгууламж байрладаг бөгөөд цэнэг хураагуур, өндөр технологийн төхөөрөмж үйлдвэрлэхэд шаардлагатай газрын ховор элементийн томоохон орд газрууд бий. 


Д.Трамп 2019 онд эхний бүрэн эрхийн хугацаандаа Гренландыг худалдаж авахыг оролдсон бөгөөд хоёр дахь бүрэн эрхийн хугацаа нь ойртох тусам уг асуудлыг дахин хөндөж, үүнийг Америкийн болон олон улсын аюулгүй байдалд нэн шаардлагатай гэж тодорхойлжээ.



Ерөнхий сайд М.Эгеде өмнө нь Гренландыг “худалдахгүй” гэж мэдэгдсэний зэрэгцээ дэлхий дахинтай хамтран ажиллаж, худалдаа хийхэд нээлттэй байхын чухлыг онцлон тэмдэглэж байлаа. Даваа гарагт тэрбээр Копенхагенд болсон хэвлэлийн бага хурлын үеэр түүний засгийн газар Д.Трампын шинэ засаг захиргаатай яриа хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн байна гэж мэдэгджээ. Гэхдээ тэрбээр тус нутаг дэвсгэрийн газар нутгийг ашиглах нь “Гренландын хэрэг” гээд “ямар тохиролцоонд хүрэхийг гренландчууд бид шийднэ” хэмээн нэмж хэлжээ.


Үүний зэрэгцээ Данийн Гадаад хэргийн сайд Йерусалим хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр Д.Трамп Гренландыг дахин сонирхож байгаа талаар мөн онцолсон байна. Ларс Локке Расмуссен хэлэхдээ, би шинэ ерөнхийлөгч Трамптай ямар нэгэн маргаан үүсгэхийг хүсэхгүй байна гэв. 


“Бидний яг одоо хийж байгаа зүйл бол шинэ ерөнхийлөгчтэй илүү нарийвчилсан яриа хэлэлцээ хийх явдал юм. Америкчууд Арктикийн аюулгүй байдлын талаар санаа зовниж буйтай бид санал нэг байна” гэж тэрбээр хэлжээ. Дани улс Гренландтай нягт хамтран ажиллаж, Д.Трамптай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн байна гэж Л.Расмуссен ярьсан байна. Д.Трамп мөн Панамын сувгийг эзэмших хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Канадыг АНУ-д нэгтгэхийн тулд “эдийн засгийн хүч” хэрэглэнэ гэдгээ мэдэгджээ.

 


Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг