МОСКВА, 2025 оны нэгдүгээр сарын 10 /РИА Новости/. Гүржийн хөлбөмбөгчин Хвича Кварацхелия-г Италийн “Наполи” багаас шилжүүлэн авахын тулд Францын “Пари Сен-Жермен” клубийн удирдлага дахин хэлэлцээ хийж эхэлжээ. Энэ тухай Францын өдөр тутмын L'Equipe сонинд мэдээлсэн байна.
Өвлийн солилцооны цонх нээгдсэн энэ үед Кварацхелияг шилжүүлэн авах нь ПСЖ клубийн гол зорилго болж байгаа бөгөөд гүрж довтлогч удахгүй тус клубээс явах гэж буй Францын хөлбөмбөгчин Рандал Коло Муани-г орлох бололтой.
Спортын сэтгүүлч Фабрицио Романогийн мэдээлснээр бол, Гүржийн шигшээ багийн довтлогч Х.Кварацхелия энэ өвөлдөө багтаж “Наполи”-гоос “ПСЖ”-д шилжин очиж магадгүй байгаа бөгөөд францчууд түүнийг авахын тулд 80 сая еврог Италийн багт санал болгожээ. Мөн хөлбөмбөгчинтэй гэрээ байгуулах хэлэлцээ амжилттай явагдаж байна.
Өмнө нь Туркийн инсайдер Экрем Конур Х нийгмийн сүлжээнд бичсэнээр бол “Наполи” баг Гүржийн хөлбөмбөгчинд жилийн 6 сая еврогийн цалин амлаж, гэрээ байгуулахыг санал болгосон ажээ.
Өдгөө 23 настай Кварацхелия “Наполи”-тай 2027 оны зуныг дуустал гэрээ байгуулсан бөгөөд энэ улиралд тэрбээр тус багийн бүрэлдэхүүнд 19 тоглолтод оролцохдоо 5 гоол оруулж, 3 оновчтой дамжуулалт хийгээд байна.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл0