sonin.mn

Энэ цагийн идэрхэн, энх цагийн манлай болсон Төв сайхан нутгийн эр бяр нь тэгширсэн хүчтэнүүдийг “Зууны мэдээ” сонин онцолж байна. Төв аймаг далай даян, дархан аварга Ж.Мөнхбат, улсын аварга Д.Хадбаатар, улсын арслан П.Бат-Очир (Молиго бүргэд), Л.Чимэд, Л.Сосорбарам, П.Дагвасүрэн, Ө.Эрдэнэ-Очир, С.Оргодол тэргүүтэй үе үеийн уран мэх, ур ухаан, эв дүй, хүч тэнхээгээрээ алдаршсан бөхчүүдтэй. Тэдний залгамж болж энэ цагт ид барилдаж түмэн олноо цэнгүүлж, зүлэг ногоон дэвжээндээ зодоглож буй таван бөхийн тухай өгүүлье.


Дайчин барилдаантай дархан аварга А.Сүхбат


Цог жавхаа нь бүрдсэн зургаан залуу заанаас манлайлан арслан болж, уран хурц барилдаанаараа улсын наадмын дэвжээг чимэн гурав түрүүлж, 11 шөвгөрсөн дархан аварга А.Сүхбатыг монгол түмэн андахгүй. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат эгэл бор хүү 1993 онд анх улсын цолны болзол хангаж байв. Тэрээр үндэсний бөхөөс гадна сонирхогчдын сүмо бөхийн хоёр удаагийн дэлхийн аварга, чөлөөт бөхийн Ази тивийн мөнгөн медальт, ОУХМ цолтой тамирчин ажээ. Түүний амжилтын суурь арга барилыг заасан ачтан багш нь далай даян, дархан аварга Х.Баянмөнх. А.Сүхбат аварга зүлэг ногоон дэвжээнээсээ зодог тайлан үзэгч олныг шуугиулан, өвгөн багшийнхаа өвдгийг дэрлэн нулимс унагаж байсан нь олныг цожирдуулсан агшин байлаа. Улс төрд хүч үзэн, үндэсний бөхөөсөө хөндийрсөн ч, их спортдоо эргэн ирж, өнгөрсөн жил төрөлх сумынхаа 100 жилд үзүүрлэж түмэн олноо баясгав.


Баянхангайн бахархалт заан Б.Батмөнх


“Баянхангайн бахархал Батмөнх

Барьцад хүрвэл баталгаат Батмөнх

Заан цолонд дүүрэн Батмөнх

Заал танхимд баавар Батмөнх” гэж яруу найрагч Б.Алтанхүүгийн өгүүлсэнчлэн түүртэхгүй барилдаж, төвөггүй заан болсон тэрээр уншигч таны эртний танил болов уу. 2007 онд цэргийн заан цол хүртсэн жилээ Архангай аймагт түрүүлж, аймгийн арслан болжээ. Идэрхэн залуу арслан 2011 онд төрөлх нутгийн дэвжээнд дахин түрүүлэн хурц чимэг нэмж, улсын баяр наадамд зодоглож начин цол хүртсэн юм. Давхар уяаны давхил нь орсон морь шиг даацтай барилдсаар 2013 онд заан цолны босго алхаж, заал танхим, аймаг сум, төр түмний цэнгэл гэлтгүй эр бярыг сорин, цол чимгээ дуудуулан барилдсаар байна.


Зартай эрсийн үргэлжлэл Д.Хүдэрбулга


Зартай эрсийн үргэлжлэл болж, олимп, дэлхийн аваргад хүч үзэн барилдаж яваа Д.Хүдэрбулга заан Төв аймгийн Өндөрширээт сумын унаган хүү. Төв нутгийн бөхчүүдээс 10 жил тасраад байсан заан цолыг ноднин жилийн төрийн их баяр наадамд О.Хангай аваргаар долоо даван хүртсэн билээ. Чөлөөт бөхийн суурь техникийг үндэсний бөхтэй хослуулсан болоод ч тэр үү зодоглох болгондоо дээгүүр барилдаж, үзэгч олныг цэнгүүлэх нь бахдалтай. Тэрээр өнгөрсөн оны босгон дээр Ардчилсан хувьсгалын 35 жил ойн барилдаанд түрүүлж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан, Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд шөвгийн наймд үлджээ. Хэрэв түүнийг өвдөг шороодлоо гэвэл наадмын түрүү бөхөд л унасан болов уу гэх бодол төрнө.


Шинэхэн харцага Э.Ууганбаяр


Төв аймгийн Баянчандмань сумаас эрт цагтаа ямархан хүчтэнүүд төрж байсныг мэдэхгүй юм. Харин энэ цагт ид хаваа гайхуулан барилдаж, улсын цолтны эгнээнд багтсан ганц хүчтэн бол Э.Ууганбаяр харцага. 2024 онд АХ-ын 103 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан П.Хүрэлбаатараар тав даван аймгийн арслан Э.Мөнхжаргалтай тунан зургаа давж " Монгол улсын харцага " цол хүртсэн. 2013 онд Дархан-Уул аймагт начин, 2016, 2018 Төв нутагтаа хоёр түрүүлж аймгийн хурц арслан цолыг хүртсэн тэрээр үндэсний бөхөөс гадна пауэрлифтингийн спортоор хичээллэдэг.


Өсөх идэр начин Ч.Батчулуун


Улсын заан Лувсаншаравын залгамж болж, Баяндэлгэр сумаас төрсөн өсөх идэр начин Ч.Батчулуун 2014 онд улсын заан Б.Сайнбаяраар тав давж улсын цолтны эгнээнд нэгдсэн юм. Гурван жилийн дараа дахин улсын гарди Б.Гончигдамбаар тав давж цолоо баталсан түүнийг зодоглосон барилдаан бүрдээ дээгүүр барилддаг хэмээн бөх сонирхогчид үнэлдэг. 2005 онд аймгийн заан цол хүртэж, 2006, 2009 онд баталж, 2010 онд аймгийн арслан цол хүртэж, дараа жил нь дахин баталсан даацтай барилдаантай бөх ажээ.

 


П.ЛХАГВАЖАРГАЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин