sonin.mn

Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа 2.11 жилээ (нэгдүгээр сарын 22) угтах дөхөж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины dialog.ua/business/ сайт, оросын түүхч Евгений Понасенков, оросын эдийн засагч профессор Игорь Липсиц, эрдэмтэн Александр Габуев, Bloomberg-ийн эдийн засгийн дүн шинжилгээнээс түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.


Орчин үеийн дайнд Украин нь ирээдүй рүүгээ чиглэж нэг том алхсан бол Орос нь Эх орны дайныхаа ялалтын үлгэр домгоор жигүүрлэн байлдсаар гурав дахь жилээ үдэх гэж байна. Дэлхийн өмнөх хоёр дайнд Оросыг ялсан гэх ганц ч улс Европоос тодроогүй бол Европын Украин түүхэнд анх удаа Оросыг ялах замдаа шулууджээ. 2024 оноор аваад үзэхэд Оросын арми оперативын бүх чиглэлд ялалт байтугайнаа дөнгөн данган аргацааж байна. Илүү юм нь 600 мянган цэрэг Украинд аваачаад эзэлсэн газартаа гацаад зогссон байдалтай, давшвал устгуулчихдаг. Харин Украин нь энэ гурван жилд цэрэг-аж үйлдвэрийн баазаа үндсэнд нь сэргээн босгосон, 2025 онд 30 мянган дрон, 3000 пуужин дотооддоо үйлдвэрлэнэ. Одоо бол Оросын армид хамгийн ихээр хохирол учруулан байлдаж чадаж байна. Зөвхөн 12 дугаар сард Украин нь дроноор Оросын 54 мянга гаруй бай объектод цохилт өгчээ.


Оросын түүхч Евгений Понасенков эх орныхоо бүтэлгүйтлийн цаад шалтгааныг ингэж нэрлэжээ. Эх орончиддоо хэргээр сануулжээ. Оросын аж үйлдвэрийн хүч чадал гэж ердөө “Сталины СССР”-ийн аж үйлдвэрийг хэлээд байгаа юм. Тэр нь Зөвлөлтийн ард түмнээс дээрэмдэж авсан тэр их мөнгөөр америкийн компаниудын хүчээр, тэгэхдээ ГУЛАГ-уудын тэр их хоригдлуудын хөлс цусаар боссон аж үйлдвэрийг л хэлээд байгаагаас бус СССР улсад өөр аж үйлдвэрийн хүч чадал гэх юм ердөө ч байгаагүй, одоо ч Орост алга гэжээ. Оросын эдийн засаг дайны ая даахгүй хөмрөх дөхөж байгааг оросын эрдэмтэн нь өөрөө ингэж үнэлж байна.    

 

Өөр нэг хачин мэдээ. Александр Габуевын дүгнэлт. Хятадын ганц банк гэхэд л Оросын банкны бүх системээс 3.5 дахин том гэжээ. Хятад ба АНУ-ын эдийн засгууд хоёр талаасаа хичнээн их хамааралтай нягтарсан байна, төдийчинээ Оросын эдийн засаг дэлхийн эдийн засгийн орон зайнаас холдож байна.


Оросын компаниуд толгой дараалан санкцанд орсон, тэдэнтэй хятадууд ажиллах гэж яарахгүй байгаа нь АНУ-тай цаагуураа сүлжилдсэн байгаагаас тэр ажээ. Мэдээллүүд дотор ийм мөрүүд явж байна. Орост мөнгө алга. Мөнгөө барсан. Эдийн засгаа дайны горимд шилжүүлээд шавхлаа гэхэд Оросын төрд өөрт нь мөнгө алга. Аугаа их төсөв, цэргийн зардал байгаа гэдэг нь ердөө суртал ухуулга төдий. Одоо зөвхөн олигархиудаа л шахаж мөнгө гаргуулах эцсийн арга үлдлээ. Гэтэл нөгөөдүүлийнх нь мөнгө Орост байхгүй. Бүтэлгүй дайныхаа ийм сүйрэлд бэлтгээд оросын олигархиуд аль хэдийнээ мөнгөө гадаадад гаргаад байршуулчихсан. Потанин хамаг мөнгөө Хятадад, Фридман Израильд, Абрамовичийн мөнгө бүр хааяагүй тархсан, Туркэд ч байна. Путин одоо тэднээсээ мөнгө гуйж “Орешник” пуужингаа санхүүлэхийг хүсэх ба Оросын дайны эдийн засгийн бодит нүүр царай нь ийм болчихсон гэжээ. Путины ярьдаг ажилгүйдэл байхгүй болсон, эдийн засаг тасралтгүй өсч байна гэдэг хэвлэлийн мэдээ бол ердөө эх орон нэгтнээ тайвшруулах зорилготой бөгөөд оросын эдийн засаг стагфляцийн өмнө тулж ирлээ хэмээн профессор Игорь Липсиц анхааруулаад Орос орон 1989 он руу буцаж байна. Хүн амын зарим хэсэгт, тэтгэврийнхэнд хүнс, эм зэргийг яаж картаар өгөх вэ гэдэг дээрээ хэлэлцүүлэг явагдаж байна. Стагфляц эхэллээ гэжээ. Рублийн ханш 1 доллар нь 200 хүртэл рубль болж унах, энэ нь ойрын хугацаанд Орост катастроф болох тухай, Орост цаасан рублийн асар их масс хуримтлагдсан, иргэд валют олж авах гэж үй олноороо хошууран дайрч, тэгснээрээ рублийн ханшийг 200 хүртэл унагах нь цаг хугацааны асуудал хэмээн оросын эдийн засгийн мэдээллийн Proeconomics сувгаар ярьж байна. Хэрэв тэгвэл санхүүгийн нуралт эхэлнэ. Цэргийн зардал рублиэрээ явж өгнө, гэтэл эдийн засгаа тогтворжуулах мөнгө байдаггүй. 


Proeconomics сувгаар танилцуулснаар Оросын Төв Банк хүүгээ нэмээд нэмэр алга, инфляцыг тогтоон барьж чадахгүй. Хүүгээ 35-40% нэмлээ гэхэд үнийг хэсэгтээ өсгөхгүй байж болно, гэтэл девальвацад орно, БХЯ, цэрэг-аж үйлдвэрийн комплекс нь өөрсдөө инфляцын маш том хөшүүрэг болчихсон, санкцаас болж гадаадаас ирдэг бүх бараа, бүтээгдэхүүн гацсан, дефицит нүүрлэсэн. Оросын иргэд депозит хэлбэрээр 100 трлн рубль нөөцөлсөн, одоо тэр нь цаасны бөөгнөрөл болж, эдийн засаг бүхэлдээ бараа таваар, үйлчилгээнийхээ хэрэглээг хангаж дийлэхгүй. Иргэний агаарын тээвэр хамгийн түрүүн сөхрөх аюулд өртжээ. Шинэ шинэ нисэх онгоц, түүний парк шинэчлэл зэрэгт олон арван тэрбум доллар шаардлагатай. Экспортын орлогоос орж ирдэг доллар, евро ханш нь тэнгэрт хадсан. Орос цаашаа хичнээн ганцаардах тусам, дэлхийн худалдаанаас изоляц болох тусам Кремльд тун хортой тусч байна. 


Дэлхийн II дайны дараа АНУ эдийн засгаа тогтворжуулахдаа цэргийн зардалдаа тавьж байсан хязгаарлалтаа цуцалсан байдаг, тэр туршлага одоо Орост үйлчилнэ гэдэг худал болжээ. Цэргийн зардал Орост дээд оргилдоо тулж байна, гэтэл санкцаас болоод дэлхийн эдийн засгийн интеграцад орж чадахгүй байна. Ингэснээр Оросын эдийн засаг “цэргийн кейнсианчлал” гэгчийн занганд оржээ. 


Оросын нефтийг онилон G7 санкцаа чангална. Хэрэв оросын нефть хог дээр гарвал Кремлийн орлого шууд унана. Дайных нь санхүүжилт зогсоно. Одоогоор барууныхан оросын нефтийг баррель нь 60 доллар байхаар тогтоосон бол Bloomberg-ийн тооцоолсноор одоо 40 доллар дээр буулгахаар G7 зэхэж байна. Оросын нефтийн гол худалдан авагч Хятад, Энэтхэг хоёр үнийн энэ уналтыг зөрчиж Орост давуу эрх олгохгүй, учир нь барууны сервис компаниуд, мөн барууны даатгалыг алдахгүйн тулд тэрхүү 40 долларын үнийг зөвшөөрнө. Бас өөрсдөд нь ашигтай. Эхний шатанд оросын Urals сортын нефтийг Brent-ийн маркийн баррелийн түвшинд тэнцүүлнэ. Тэгвэл баррель нь бүр 30 доллар дээр унана. Орос нь санкцыг тойруулан зөөвөрлөдөг сүүдрийн флотоо 700 танкертай (зарим мэдээгээр 1400) ажиллуулж байсныг илчлээд тээврийг нь хааж эхэлсэн, Украины тооцоогоор сүүдрийн флотоосоо жил тутам 10-12 тэрбум доллар олж байсан ба энэ мөнгөн дүн бол дайны туршид Украинд холбоотон, түнш улсуудаас нь үзүүлсэн тусламжийн мөнгөн дүнгээс давна. 1) Баррель нефть 30 доллар; 2) Олон зуун танкер зөөдөг сүүдрийн флот зогсоно. Ингээд дайны санхүүжилт гацаж зогсоно.


Оросын нефть анхныхаа хүнд цохилтыг ийнхүү амсах гэж байх хойгуур Украин, Польш хоёр Европ дахь Оросын гаазын амбицыг булшлах сүүлчийн алхам руугаа шилжжээ. Украинаар дамждаг оросын хийн транзит хаагдсанаар Орос нь жилд $5 тэрбумыг алдах эрсдэлтэй тулгарав. Олон арван жил Оросын гаазын үндсэн гол хэрэглэгч бөгөөд орлогыг нугалагч нь Европын Холбоо байсан бол 2024 оны эцэс гэхэд худалдан авагч 8%-тай (Австри, Словак, Унгар гэх мэт) үлдсэн байв, одоо Украины транзит зогсож 0% руу дөхөх биз. Одоо өөр төсөл яригдана. АНУ-аас шингэрүүлсэн хийг хэмжээ хязгааргүй авна, мөн Дорнод Европт хаб байгуулж, европын зах зээлийг хийгээр хангах төлөвлөгөөг Украин, Польш хамтран хэрэгжүүлнэ. Украинд газар дор хадгалдаг хийн агуулах бий, Польшид LNG-терминал бий. Энэ хоёрыг нийлүүлбэл оросын хийн транзитыг орлуулж болно. Оросын гаазыг орлуулах үйл явцыг өвлийн хүйтний дараахи цаг агаарын дулаарал залгана. АНУ-тай бизнес-модель гэдгийг хэрэгжүүлнэ. ОХУ 33 жилийн турш хий нийлүүлэхдээ авилгал, шамшигдал, дээрэм, мафиозын клан буй болгож экс-коммунист-маразматикууд дээр тоглолт хийж байсан нь түүх болж замхрав. Олон улсын экспертүүд “2024 оны хамгийн азгүй хүн”-ий номинацаар Путиныг санал нэгтэй эхэнд нь нэрлэжээ. Путины өвчний түгшмээр симптом–ам нь мурийсан, ээрч муйрсан, нүдний гал унтарсан, зэвсгээрээ сайрхсан, бүх юм сайн сайхан байна гэж нотлохыг оролдсон бичлэг олон байна. “Путины үхэл” хэмээх польшийн хошин триллер киноноос Путиныг баяжуулан сонирхож болно. “Путины үхэл” уран сайхны кино энэ нэгдүгээр сарын 16-нд Украины кино театруудад нээлтээ хийнэ.


Англи, орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь