sonin.mn

Монголын биеийн тамир, спортын салбарын үе үеийн удирдлага, эх орныхоо өнцөг булан бүрд болон дэлхийн бусад улсад ажиллаж амьдарч байгаа ажилтан албан хаагчид, тамирчид, багш, дасгалжуулагчид, ахмадууд, спортыг хөгжөөн дэмжигч, сонирхогчид та бүхэнд Шинэ жилийн мэнд дэвшүүлье. Улиран одож буй 2024 онд Биеийн тамир, спортын салбар олон бүтээлч хөдөлмөр, хичээнгүй зүтгэлээр дүүрэн байж, ололт амжилтаа бататгасан сайхан жил байлаа.


Улиран одож буй онд Монгол улсад орчин үеийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан, зуны олимп, паралимпын наадам тохиосон онцлог жил юм.


Биеийн тамир спортын салбар нь тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэн “Алсын хараа-2050" Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд нийтийн биеийн тамирыг эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, аж төрөх ёсны салшгүй хэсэг болгож, мэргэжлийн спортыг дэмжиж, тамирчдын тив, дэлхий, олимпын түвшинд өрсөлдөх чадвар, амжилтыг нэмэгдүүлэхээр тодорхой зорилтууд дэвшүүлэн тодорхой үр дүнд хүрснийг дурдахад таатай байна. Биеийн тамир, спортын улсын хороо нь спортын холбоодоор дамжуулан насанд хүрэгчид болон залуучуудын шигшээ багуудын тамирчдыг бэлтгэн улс, олон улс, тив, дэлхий, олимпын наадмуудад өндөр амжилтуудыг гаргаж байгаа билээ.


Монголын Үндэсний шигшээ багийн тамирчид “Парис-2024” олимпын наадамд спортын 9 төрөлд 33 эрх авч оролцоход 1 мөнгөн медаль, паралимпын наадамд спортын 6 төрөлд 9 эрх авч оролцоход 1 алт, 3 мөнгөн медаль хүртсэн бахдам амжилтыг онцолж байна.


Мөн хүн ардын эрүүл мэнд, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгын хүрээнд аймаг, дүүргүүдэд сорилын төвийг шинээр байгууллаа. Биеийн тамир, спортын салбарын хөрөнгө оруулалтын чиглэлээр олон жил удааширсан бүтээн байгуулалтуудыг ашиглалтад оруулсан бөгөөд 2 аймаг, 1 дүүрэгт спорт цогцолборын барилгыг ашиглалтад оруулж, олон улсын тэмцээн, наадмуудыг улсын төсвийн дэмжлэгтэйгээр эх орондоо зохион байгуулахад Монгол Улсын эдийн засагт 5,6 тэрбум төгрөгийн орлого орлоо. Нийтийг хамарсан биеийн тамирын арга хэмжээ, өдөрлөг, алхалт, гүйлт, марафон, өвлийн арга хэмжээ зэрэг биеийн тамирын арга хэмжээнд давхардсан тоогоор 566 арга хэмжээг зохион байгуулахад 229 байгууллагын 651,706 хүнийг хамруулсан байна. Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж, ард түмнийхээ цог хийморь, итгэл хүслийг бадрааж байдаг Монголын тамирчдын яруу алдар үргэлж мандан бадарч байх болтугай. Тамирчин, дасгалжуулагч та бүхэндээ шинэ он, шинэ жилийн мэндийг өргөн дэвшүүлье.