sonin.mn

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд болох Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын үндэсний хороо-той хамтран “Өвлөх бүтээх өнөө ирээдүй” уриан дор “Соёлын бүтээлч сар” аяныг энэ жил амжилттай зохион байгууллаа. Аяны хүрээнд 11 дүгээр сарын турш соёлын өв, урлаг, соён гэгээрэл, спортын чиглэлээр 2700 орчим арга хэмжээг улс орон даяар 500 гаруй байгууллагын оролцоотойгоор зохион байгуулж, 970 мянга гаруй иргэнийг хамруулсан нь манай соёлын салбарын цар хүрээ, ач холбогдлыг дахин бататгалаа. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт соёлын өвийг хамгаалж, баяжуулах, дэлхий дахинд сурталчлан таниулах, эдийн засаг, нийгэмд үр өгөөжтэй байдлаар хөгжүүлэх зорилтууд тусгагдсан. Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд манай яам “Соёлын бүтээлч сар” аяныг дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулж байна. Өнөөдөр зохион байгуулагдаж буй “Хөрөнгө оруулалт ба хамтын ажиллагаа” сэдэвт форум нь бүтээлч үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд туршлага хуваалцан, бодлого, төлөвлөлтөд тусгах чухал санал, зөвлөмж гаргахад чиглэгдэж байна. Энэ онд батлагдсан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль нь салбарын эрх зүйн орчныг бүрдүүлж, уран бүтээлчид, аж ахуйн нэгжүүдийг үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд бодит дэмжлэг үзүүлэх олон талын боломжийг нээж өгсөн.


May be an image of lighting, speaker, dais and text

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээг бүрэн хэрэгжүүлснээр:


• 2032 он гэхэд тогтвортой хөгжлийн бодлого, стратегитай уялдсан эрх зүйн орчин бүрдэнэ.

• Соёлын үйлдвэрлэл эрхлэгчид бүтээлийнхээ үр шимийг хүртэж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлнэ.

• Үндэсний брэнд бүтээгдэхүүний тоо нэмэгдэж, бүтээлч кластерууд бий болно.


Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар уул уурхайн бус эдийн засгийн томоохон гарц бөгөөд бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид зөвхөн монголдоо төдийгүй дэлхийн зах зээлд өрсөлдөх бүрэн боломжтой. Хамтдаа соёлын үнэ цэнийг бүтээцгээе!