sonin.mn

ТЕХРАН, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /AFP/. Ираны эрх баригчид интернэт орчинд тавьсан хязгаарлалтуудыг сулруулахад чиглэсэн эхний алхмыг хийж, Meta компанийн WhatsApp мессенжер болон аппликейшн худалдан авах Google Play үйлчилгээнд тавьсан хоригоо цуцалсан тухай тус улсын төрийн мэдлийн хэвлэлд мэдээлжээ.


“WhatsApp, Google Play зэрэг гадаадын платформуудад нэвтрэх хязгаарлалтыг цуцлах шийдвэрийг олонхын саналаар гаргасан гэж Ираны IRNA агентлаг мэдээлсэн байна. Ингэхдээ Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан тэргүүтэй төлөөлөгчдийн уулзалтын талаар дурджээ.


“Энэхүү шийдвэр нь интернэт орчинд тавьсан хязгаарлалтуудыг арилгах эхний алхам юм” гэж Ираны Мэдээлэл, харилцаа холбооны технологийн сайд Саттар Хашеми хэлснийг тус агентлаг эш татан уламжилсан байна. Иран бол дэлхийн улс орнуудын дотроос интернетэд хамгийн хатуу хяналт тавьдаг улс юм. Үүнд АНУ-д төвтэй Facebook, X, YouTube зэрэг нийгмийн сүлжээнүүдэд тавьсан хориг багтаж байна.


Түүнчлэн Telegram мессенжерийг 2018 оны дөрөвдүгээр сард шүүхийн шийдвэрээр хоригложээ. Гэсэн хэдий ч технологийн мэдлэгтэй иранчууд хувийн виртуал сүлжээ /VPN/ ашиглан эдгээр хязгаарлалтаас зайлсхийдэг байна.


Нийгмийн сүлжээний платформуудыг Иранд Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаалд өргөнөөр ашиглаж иржээ. Есдүгээр сард АНУ-ын зүгээс интернетэд хатуу хяналт тавьдаг Иран зэрэг улс орнуудад хязгаарлалтаас зайлсхийхэд туслахыг технологийн томоохон компаниудад хандан уриалж байв. 




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг